Манай Улсын 10 иргэн “Өндөр цалинтай ажилд авна” гэх зарын дагуу ОХУ руу зорчиж, улмаар хууртсан гэх мэдээлэл гарсан. Эл мэдээллийг манай улсын Гадаад харилцааны яам ч баталж, энэ асуудлаар албан ёсны анхааруулга гаргаад байна. Иргэд тогооч, харуул, жолооч зэрэг эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу ажил хийнэ хэмээн хилийн дээс алхсан ч ачир дээрээ ОХУ, Украинтай хийж буй цэргийн тусгай ажиллагаанд явах гэрээнд гарын үсэг зурсан талаар ар гэрийнхэн нь мэдээлэл өгөөд байна.
Тиймээс Таны эргэн тойронд ОХУ-руу өндөр цалинтай ажилд явахаар төлөвлөж буй хүн байгаа бол хэрэггүй гэдгийг сануулж, анхааруулаарай. Мөн иргэн Та Гадаад харилцааны яамны “72774444” шуурхай утасны дугаарт холбогдож, тус яамны Консулын газраас үзүүлдэг үйлчилгээний талаар мэдээлэл авах, хилийн чанад дахь иргэд, аж ахуйн нэгжийн хууль ёсны эрх ашгийг хамгаалахтай холбоотой асуудлаар мэдээлэл өгөх, ажлын бус цагаар консулын яаралтай асуудлаар холбогдох боломжтой.
Хэрэв та ОХУ-д зорчоод хүнд байдалд орсон бол
- Консулын газрын шуурхай утас. Ажлын цагаар 7008-2222 болон 7277-4444 дугаарт холбогдож зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой.
- Ажлын бус цагийн яаралтай утас. Консулын яаралтай асуудлаар 8304-2222, 8305-2222 дугаарт хандана уу.
- Цахим шуудан ба вэбсайт. Албан ёсны хүсэлт, өргөдлийг info@mfa.gov.mn хаягаар илгээх эсвэл Гадаад харилцааны яамны вэбсайт болон Consul.mn порталаар дамжуулан мэдээлэл авч болно.
Сэтгэгдэл үлдээх