Иргэн Б.Батсайхан цахим орчинд “Сонгуулиар дарга нар 2500 хар машиныг 28,800,000,000 төгрөгөөр АНУ-ын “Dominion Voting systems” компаниас худалдан авсан ба 960 ширхэг нь хуучин, элэгдсэн зэрэг мэдээллийг тараагаад буй. Энэ талаар Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнээс тодрууллаа.
-------------------------------------------------
-Цахим орчинд тархсан сонгуулийн хар машинтай холбоотой мэдээлэл бодитой, эсэхт хариулт өгөхгүй юү?
- Монгол Улс 2012 оны сонгуулиар анх удаа 2500 санал тоолох машин авсан. Энэ талаарх баримтыг архиваас авч үзлээ. Төхөөрөмжийг хүлээж авах ажлын хэсэгт 8-9 хүн багтсаны нэг нь тухайн үед Сонгуулийн ерөнхий хороонд техник хангамжийн инженер Б.Батсайхан өөрөө. Тэрбээр 900 төхөөрөмж эвдрэлтэй, бараг 2100 нь доголдолтой гэж ярьж байна. Тухайн үед хүлээж авсан актыг архиваас авч үзлээ. 32 төхөөрөмж гэмтэлтэй засах шаардлагатай, 43 залгуур дутуу байна гэсэн акт үйлдээд Б.Батсайхан өөрөө ч гарын үсэг зурсан байна. 2012 оноос хойш сонгууль 14 жилийн хугацаанд эдгээр санал тоолох төхөөрөмжийг ашиглаад нэг ч ширхэг санал зөрсөн тохиолдол байхгүй. Гараар болон техникээр тоолсон саналын дүн зөрөөгүй.
-Дахиад “Dominion Voting systems”-аас санал тоолох машин авна гэл үү?
-2012 оноос хойш 14 жил ашигласан учраас санал тоолох машин элэгдэж, гэмтсэн зүйл бий. Одоо бид 3500 санал тоолох төхөөрөмжтэй байж сонгуулийг эрсдэлгүй зохион байгуулна. Сонгогчдын тоо болон хэсгийн өсөлттэй холбоотойгоор шаардлагатай техникийн тоо өссөн. 2012 оны 2500 санал тоолох машинаас акталж, засаад одоо 1700 төхөөрөмж үлдсэн. Сүүлд нөхөн бүрдүүлж авсан 2000 төхөөрөмж гээд нийт 3700 санал тоолох төхөөрөмж бий. Дахиад ч 2000 төхөөрөмж ирэх онд авна. 14 жилийн өмнө санал тоолох төхөөрөмжөө 3200 ам.доллароор авч байсан. Өмнөх шигээ АНУ-ын “Dominion Voting systems” компаниас авна. Компанийн нэр одоо өөрчлөгдсөн юм билээ. Гэхдээ үнийн дүнд өөрчлөлт ороогүй, 3200 ам.доллароор авна.
Сэтгэгдэл үлдээх