Нөмрөгийн түймэр: Урьдчилсан судалгаагаар 24 мянга орчим га ойн экосистем түймэрт өртжээ

.Graph
2026-11-03

Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан гал түймрийн хохирлыг тогтоох судалгааг хугацаанаас нь өмнө дуусгаснаа Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээлэв. Урьдчилсан судалгаагаар 24 мянга орчим га ойн экосистем түймэрт өртжээ. Судалгааны ажлыг бэлтгэл ажил, хээрийн судалгаа, суурин боловсруулалт, дүгнэлт гаргаж танилцуулах гэсэн дөрвөн үе шаттайгаар зохион байгуулж буй.

2026 оны аравдугаар сарын 31-ний өдрийн байдлаар эхний хоёр үе шат буюу зайнаас тандан мэдээлэл боловсруулах, хээрийн хэмжилт, дээж авах  судалгааг 50 орчим хүний бүрэлдэхүүнтэйгээр хийжээ. Хээрийн судалгааг нисдэг тэрэгний тусламжтайгаар хийж, хүн хүрэхэд хүндрэлтэй, алслагдсан байршлуудад хүрч, нарийвчилсан дээж авсан нь төлөвлөсөн хугацаанаас өмнө дуусгах боломжийг бүрдүүлсэн гэнэ.

Одоогоор гуравдугаар үе шат буюу цуглуулсан мэдээлэл, дээж, хэмжилтийн үр дүнг боловсруулах ажил үргэлжилж байна. Үүний дараа байгаль орчинд учирсан хохирлын нэгдсэн үнэлгээ, шинжээчдийн дүгнэлтийг гаргана.

Мөн хээрийн судалгааны үеэр цуглуулсан дээжүүдэд лабораторийн шинжилж эхэлсэн бөгөөд ургамлын үндэс болон хөрсний органик бүрэлдэхүүн хэсгүүд шатсан эсэх, хөрсний шинж чанарт гарсан өөрчлөлт, экосистемд үзүүлсэн нөлөөллийг тодорхойлох юм. Нэмж дархан цаазат газрын орчны нөлөөллийн бүсэд түймрийн тархалт болон зэрлэг амьтдын шилжилт хөдөлгөөний судалгааг ч хийх нь ээ.

Харин шаталтын зэрэглэл, ойн насжилт зэрэг нарийвчилсан үзүүлэлтийг судалгаа, шинжилгээний эцсийн дүгнэлтээр танилцуулна.

Улмаар тал хээрийн экосистемийн биомасс гадаргын гүймэг түймэрт өртсөнтэй холбогдуулан Нөмрөгөөс цуглуулсан дээжийг Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгээс 2024, 2025 онд бүрдүүлсэн ургацын дээжтэй харьцуулан судлах юм байна.

Дархан цаазат газар, тэр дундаа Нөмрөгийн ДЦГ-ын алслагдсан, хүн хүрэхэд хүндрэлтэй бүс нутагт ийм хэмжээний нарийвчилсан судалгаа өмнө нь хийгдэж байгаагүй аж.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe