Томуу, томуу төст өвчний тохиолдол ихэслээ

.Graph
2026-11-03

Эрүүл мэндийн яамнаас аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар болон эрүүл мэндийн байгууллагын удирдлагад томуу, томуу төст өвчний тархалтаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангах үүрэг өгсөн.

Гэвч улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт улирлын томуу, томуугийн идэвхжил өндөр байгааг эрүүл мэндийн байгууллагад хандах иргэдийн тоо, хүүхдийн тусламж, үйлчилгээний ачааллын тоо мэдээнээс харж болно. Тухайлбал, нийслэлд томуу, томуу төст өвчний тохиолдол өссөөр байна.

2026 оны арваннэгдүгээр сарын 2-ны өдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчний улмаас эрүүл мэндийн байгууллагад хандах иргэдийн тоо, хүүхдийн тусламж, үйлчилгээний ачаалал нэмэгдэв. 

Тухайлбал, нийслэлийн Түргэн тусламжийн төвийн дуудлага 2,249 болж, өмнөх оны мөн үеэс 56.72 хувиар нэмэгдсэн бол нийслэлийн харьяа эрүүл мэндийн байгууллагуудад нийт 877 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа нь өмнөх оны 764 хүүхэдтэй харьцуулахад 14.79 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Өвчлөгсдийн 77.1 хувийг 15 хүртэлх насны, үүний 49.6 хувийг 5 хүртэлх насны хүүхэд эзэлж байна. Амьсгалын цочмог хүнд халдварын шалтгаанаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй өвчтөний 81.0 хувийг 15 хүртэлх насны, 65.3 хувийг 5 хүртэлх насны хүүхэд аж.  

Томуугийн улиралд өвчлөлийн тархалтаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, хүүхдэд үзүүлэх тусламж, үйлчилгээний хүртээмж, тасралтгүй байдлыг хангах чиглэлээр Эрүүл мэндийн яамнаас дараах холбогдох байгууллагуудад ийм чиглэл өгчээ.

 Үүнд:

Хүүхдээ асарч буй эцэг, эх, асран хамгаалагчийг дэмжих: Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 398 дугаар тогтоолоор батлагдсан, томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн 6 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа ажил эрхэлдэг эцэг, эх, асран хамгаалагчид ажлын 5 хүртэлх хоногийн цалинтай чөлөө олгох, эсхүл зайнаас ажиллуулах зохицуулалтын хэрэгжилтийг хангах,

Нэгдсэн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах: Эрүүл мэндийн сайдын баталсан 2026-2027 оны “Томуугийн улиралд томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх, хариу арга хэмжээний нэгдсэн төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг хангаж, өвчлөлийн тархалт, эрсдэлийн өөрчлөлтөд тохирсон хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах,

Хүүхдэд үзүүлэх тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх: Анхан шатны эрүүл мэндийн байгууллагад хүүхдийн өдрийн эмчилгээний санхүүжилтийг нэмэгдүүлсэнтэй холбогдуулан санхүүжилтийг зориулалтын дагуу үр дүнтэй ашиглаж, өдрийн эмчилгээ болон гэрийн эргэлтийг эрчимжүүлэн, хүүхдэд шаардлагатай тусламж, үйлчилгээг шуурхай хүргэх.

 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe