Нийгмийн даатгалын сангаас болон цэргийн нийт тэтгэвэр авагч 435 мянган иргэнд суурь тэтгэвэр олгоно

.Graph
2026-10-26

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир, бусад удирдлагуудын хамт сэтгүүлчдэд нийгмийн даатгал, тэтгэврийн шинэчлэлийн талаар мэдээлэл өглөө.

Улсын Их Хурлаас 2026 оны 10 дугаар сарын 16-ны өдөр баталсан төсвийн тодотголоор Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нийгмийн даатгалын сангаас болон цэргийн тэтгэвэр авагч ахмад настнууддаа 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс суурь тэтгэвэр олгох нөхцөл бүрдээд байна.

Манай улсын хувьд нийгмийн даатгалын сангаас болон цэргийн тэтгэвэр авагч эмэгтэй 55 нас, эрэгтэй 60 насанд хүрсэн ахмад настанд одоо авч байгаа үндсэн тэтгэвэр дээр нь нэмж суурь тэтгэвэр олгох юм. Өөрөөр хэлбэл, суурь тэтгэвэр нь өндөр насанд хөдөлмөр эрхэлж орлого олох боломж буурах, эрүүл мэндээс үүдэлтэй зардал нэмэгдэх болон амьжиргаатай холбоотой нэмэлт хэрэгцээ үүсэх зэрэг санхүүгийн эрсдэлийг бууруулж, олон жил ажиллаж шимтгэл төлсөн боловч бага тэтгэвэртэй байгаа тэтгэвэр авагч ахмад настны тэтгэврийн орлогыг нэмэгдүүлэхэд чиглэнэ.

Суурь тэтгэврийн хэмжээг тэтгэвэр авагчийн шимтгэл төлсөн хугацаа болон үндсэн тэтгэврийн хэмжээнээс хамааруулан сард 100,000–300,000 төгрөг байхаар ялгаатай тогтооно.

Нийгмийн даатгалын сангаас болон цэргийн нийт тэтгэвэр авагчдын 80 хувь буюу 435.0 мянган иргэнд 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс суурь тэтгэвэр олгоно. Мөн эдгээр суурь тэтгэвэр авагчдын 85 хувь нь 200.0 мянган төгрөгөөс дээш хэмжээний суурь тэтгэвэр авах бөгөөд суурь тэтгэврийн дундаж хэмжээ 224.0 мянган төгрөг байх тооцоолол байна.

Харин цэргийн болон олон хүүхэдтэй эх, зарим онцлог мэргэжил, хөдөлмөрийн нөхцөлөөр 45, 50, 55 насанд эрт тэтгэвэрт гарсан тэтгэвэр авагчид эмэгтэй 55 нас, эрэгтэй 60 насанд хүрсэн өдрөөсөө суурь тэтгэвэр авч эхэлнэ.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулиар тэтгэврийн үнэ цэнийг бууруулахгүй байх зорилгоор тэтгэвэр авагчийн тэтгэврийн хэмжээг өмнөх оны инфляцын жилийн дундаж түвшинтэй уялдуулж жил бүрийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нэмэгдүүлэхээр заасан. Энэ хүрээнд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс нийгмийн даатгалын сангаас болон цэргийн тэтгэвэр авагчдын тэтгэврийг 10 хувиар нэмэгдүүлэх зардлыг Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлд тусган хэлэлцүүлж байна.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe