Х.Нямбаатарыг Интерполын "Хөх булант" зарыг ашиглан эрэн сурвалжлуулахаар хандлаа

.Graph
2026-10-26

Авлигатай тэмцэх газраас Цагдаагийн ерөнхий газрын интерполын ажлын албанд энэ оны 10 дугаар сарын 26-нд Нийслэлийн засаг дарга асан Х.Нямбаатарыг эрэн сурвалжлуулахаар “Хөх булант”-д зар нийтлүүлэхээр ханджээ. Энэ талаар АТГ-ын комиссар Б.Билэгт мэдээлэл өглөө. 

Х.Нямбаатарыг дараах байдлаар шалгаж байна. 

  • Х.Нямбаатар нь “Туулын хурдны зам" төслийн гүйцэтгэгчээр шалгарсан компанид 500 тэрбум төгрөгийн урьдчилгаа төлбөр олгохдоо “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т заасныг зөрчин Санхүү, хөрөнгө оруулалтын газрын  түр орлон гүйцэтгэгч Б.Гантулгын оронд Т.Даваадалайг томилон дахин захирамж гаргаж, хуульд заасан баталгаа гаргах эрхгүй этгээдэд санхүүжилтийн эрх нээн, бусдад эдийн засгийн давуу байдал олгосон
  • Төрөөс зарласан нийт 20 орчим тендерт өөрийн хамаарал бүхий этгээдийн компаниудыг шалгаруулж, давуу эрх олгосон байж болзошгүй

АТГ-ын комиссар Б.Билэгт:

АТГ нь авлигын эсрэг конвенцод заасны дагуу бусад олон улсын байгууллагуудтай санал солилцон хамтран ажиллаж байна. Эрүүгийн хуулийн 22.1-т зааснаар тухайн гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хасаж, 12 жил хүртэлх хугацаагаар хорих ялтай. 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe