Цогц хөгжлийн үндэсний төвийн судалгаагаар манай улсад 2020-2025 онд л гэхэд нийт 1119 удаагийн жагсаал, цуглаан, өлсгөлөн, суулт болсон бөгөөд 16 сая гаруй хүн оролцжээ. Жагсаал, цуглаан зохион байгуулж буй зорилгын хувьд Улаанбаатар хотод болдог нь ихэвчлэн төр, захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эсэргүүцсэн байгаа бол хөдөө, орон нутагт байгаль орчноо хамгаалах, байгалын тэнцвэр байдал алдагдахаас сэргийлэх зорилгоор үзэл бодлоо илэрхийлсэн байгаа юм.
Монгол Улсын иргэн үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Гэхдээ сүүлийн үед төлбөртэй жагслаа гэх яриа гардаг болсон. Төлбөртэй жагсагчид хэзээнээс бий болсныг хэн ч мэдэхгүй. Гэхдээ төлбөртэй жагсдаг хүмүүс байдаг гэдгийг бид бүгд гадарлана. Зарим гишүүн хүртэл “Төлбөртэй жагсагч гэдэг мэргэжил бий болчихлоо” гэж ярьж явсан.
Төлбөртэй жагсагчид хэзээнээс бий болсон, тэд ихэвчлэн хэнээс санхүүждэг вэ гэдэг судалгааг улс төр судлаачид хийх нь цаг хугацааны асуудал байх. Харин сүүлийн үед болж буй “төлбөртэй” гэж хардуулдаг хэдэн жагсаалаас нийтлэг ажиглагдсан 10 шинж тэмдгээ сийрүүлэн бичье.
1.Жагсагчид шаардлага, зорилгоо тайлбарлаж чаддаггүй
Жагсаалын үеэр сэтгүүлчид олон хүний байр суурийг сонсдог шүү дээ. Тэр үед жагсаж буй иргэн дээр очоод та яагаад жагсаж байна вэ гэж асуухад хариулж чадахгүй дальдчиж, эсвэл цээжилсэн үгээ хэлэхдээ энд тэнд нь оруулж ярьдаг. Үнэхээр үзэл бодлоо илэрхийлж байгаа, юуны төлөө жагсаж байгаагаа мэддэг хүний үг цаанаа л нэг өөр, итгэл үнэмшил төрүүлэхүйц ярьдаг, тийм үү. Гэтэл төлбөртэй жагсагчид хоосон орилох, зөвхөн хувь хүний асуудлаа ярих нь олонтаа.
2.Нэг хүнээс заавар авч байж хөдөлдөг
Жагсаал дээр цагаан хоолой барьчхаад “За одоо Оюу толгой зайл гэж шаардъя” гэх мэтчилэн заавар өгөөд явж байдаг хүнийг харсан л биз дээ. Буруу гэж байгаа юм биш. Харин нэг хүний л үгэнд орж хий гэсэн болгоныг хийгээд байдаг нь хардлага дагуулдаг юм. Тэр заавар өгч буй хүн хэзээ алга таших, хэзээ уриагаа хэлэх, хэзээ хаашаа жагсаж явах талаар удирдамж өгдөг.
3.Яг ижилхэн зүйлс
Нэг форматаар, адилхан өнгөтэй, адилхан материалтай самбар дээр шаардлагаа бичсэн харагддаг. Бүр заримдаа яг адилхан футболк, цамц, туг ч барьсан харагддаг. Энэ нь яг л зохион байгуулалттайгаар цаанаас нь нэгдсэн байдлаар тараасан мэт харагдуулдаг. Ажлынхаа хувцсаар жигдрээд жагсаж буй хүмүүсийг хэлээгүй шүү.
4.Автобусаар зөөх
Жагсаал эхлэхээс өмнө хүмүүсийг автобусаар авчирдаг. Томоохон арга хэмжээнд энэ нь хэвийн үзэгдэл. Харин жагсъя гэж байгаа хүмүүс нэг автобусанд бүгд явж байна гэж үү. Яалт ч үгүй хардах үндэслэл.
5.Нийгмийн сүлжээнд мөнгө амласан тухай бичигдэж эхэлдэг
Төлбөр авч жагсаж буй хүмүүсийг нэг групп чатанд оруулж байгаад заавар өгч, нэмж хүн авчирсан тэдийг өгнө гэх мэтээр бичсэн скриншот та харж байсан уу. Заримдаа оюутнууд, ахмадуудын фэйсбүүк группээр жагсаалд оролцуулж өдрийн тэдэн төгрөг гэх пост ч харагдаж байсан удаатай. Жишээлбэл, саяхан нийслэлээс иргэдийнхээ эсрэг зохион байгуулсан жагсаалын өмнөх өдөр Хотын дарга Х.Нямбаатарын хорооны дарга нарт жагсаалд оролцох тухай үүрэг чиглэл өгч буй скриншот задарсан шүү дээ.
6.Нэг л өнцгөөр яриад байна
Цаанаас нь яг энэ өнцгийг бариарай гэхээр тэрэндээ уягдаад нэг зүйлээ л яриад байна. Нэг хүн биш нэлээн хэдэн хүн тухайн асуудлаар нэг л өнцөг яриад байх нь хардлага дагуулдаг.
7.Жагсаал дуусаад л болоо
Жагсаал тарахтай зэрэгцэн тухайн асуудал шууд мартагддаг. Үнэн хэрэгтээ төлбөртэй жагсаж байгаа учраас төлбөрөө авах нь л чухал. Харин тэр асуудал хэрхэн яаж шийдэгдэх, жагсаал тухайн үйл явдалд хэрхэн нөлөөлөх нь тийм ч чухал биш. Тухайн сэдвийг тэд дахиж сөхөхгүй, дараа нь дахиж байр суурь илэрхийлэхгүй. Учир нь тэд авдгаа аваад, хийдгээ хийчихсэн шүү дээ. Дахиж төлбөр өгвөл л дуугарна.
8.Хаанаас санхүүжиж байгаагаа мэддэггүй
Нэг жагсаалын үеэр нэг эмэгтэй “Нөгөө мөнгө төлбөрөө яах билээ” хэмээн асууж байгаа нь шууд дамжуулалтаар гардаг шүү дээ. Тэд санхүүжилтийг хэн өгч байгааг мэддэггүй учир зохион байгуулагчдаа л найддаг. Гэтэл нөхцөл байдал тэс ондоо. Төлбөртэй жагсаалын санхүүжүүлэгч нь дотоодын гэхээс илүү гадаадаас байдаг нь нууц биш. Түүнчлэн жагсаалын үеэр тараагдаж буй ус, ундаа, хоол, байрлах байр, бензиний төлбөр хаанаас гарч байгаа талаар асуухад мэддэггүй.
9.Тухайн асуудлаасаа тэс хөндлөн хүмүүс
Төлбөртэй жагсагчид тухайн асуудалтай шууд холбоогүй хүмүүс байх нь элбэг. Жишээлбэл, Ховд аймгийн Мянгад сум дахь Халзан бүрэгтэй төслийг эсэргүүцэж жагсаж буй хүмүүсийн дийлэнх нь Улаанбаатар хотод амьдардаг хүмүүс байсан. Яагаад Мянгад сумынх нь хүмүүс жагсахгүй байгаа юм бол гэх асуулт төрж байсан л биз дээ?
10.Мөнгө тараасан тухай баримт гарч ирдэг
Ийм жагсаал дээр тэдэн төгрөг тараасан, тэр инфлюнсер тэр жагсаал дээр очоод тэгж хэлээд тэдэн төгрөг авсан гэх яриа гардаг. Зарим тохиолдолд гэрч, бичлэг, банкны хуулга гарч ирэх нь ч бий.
Аливаа жагсаалд оролцохоос өмнө энэхүү 10 шинж тэмдгийг шалгаад үзээрэй. Жагсаж цуглаж болохгүй гэж байгаа юм биш шүү. Харин үзэл бодлоо илэрхийлэх тэр хайран цагаа бусдын гар хөл болоход битгий зарцуулаасай гэсэндээ бичсэн юм.
Сэтгэгдэл үлдээх