186 арга хэмжээний цаана: Төлөвлөгөө их, үр дүн хаана байна вэ

.Graph
2026-06-03

Засгийн газар 2027 онд хэрэгжүүлэх хөгжлийн төлөвлөгөөгөө УИХ-д өргөн барьж, нийт 310 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр танилцууллаа. Үүний 186 нь бодлогын болон зохион байгуулалтын арга хэмжээ аж. Цаасан дээр бол сүртэй тоо. Гэхдээ Монголын төрд төлөвлөгөө, хөтөлбөр, стратеги, замын зураг хэзээ ч дутаж байсангүй. Харин хэрэгжилт, үр дүнгийн тухай ярих үед байдал өөр болдог. 

Өнгөрсөн жилийн төлөвлөгөөний хэрэгжилт ердөө 61 хувьтай гарсан нь үүний тод жишээ. Өөрөөр хэлбэл, төр өөрөө төлөвлөсөн ажлынхаа дөрөвний нэгээс илүүг биелүүлж чадаагүй байхад ирэх онд дахин 186 шинэ арга хэмжээ нэмж төлөвлөж байна.

2027 онд хэрэгжүүлэх хөгжлийн төлөвлөгөөг таван жилийн бодлогын хүрээнд тодорхойлсон зорилтуудыг хэмжих 200 үр дүн, 330 шалгуур үзүүлэлтэд тулгуурлан 2027 оны ажлуудаа төлөвлөжээ. Дэлхийн эдийн засгийн тодорхойгүй байдал, түүхий эдийн үнийн хэлбэлзэл, геополитикийн эрсдэл нэмэгдэж буй үед Монгол Улс эдийн засгийн тогтвортой өсөлтийг хадгалахыг гол зорилт болгон тусгасан байна.

Үүний хүрээнд:

  • Экспортын орлогыг нэмэгдүүлэх,
  • Уул уурхай, аж үйлдвэрийн төслүүдийг эрчимжүүлэх,
  • Тээвэр, логистикийн хүчин чадлыг нэмэгдүүлэх,
  • Эрчим хүчний хангамжийг сайжруулах,
  • Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг дэмжих,
  • Төрийн үйлчилгээний бүтээмжийг дээшлүүлэх чиглэлээр арга хэмжээнүүд хэрэгжинэ.

Мөн бүсчилсэн хөгжлийн бодлогыг үргэлжлүүлж, аймаг, орон нутгийн эдийн засгийн чадавхыг нэмэгдүүлэхэд анхаарчээ.Асуудал нь арга хэмжээний тоонд биш, үр дүнд оршиж байгаа юм.

Сүүлийн жилүүдэд Монгол Улс хөгжлийн бодлогын баримт бичгүүдийг ар араас нь баталж ирсэн ч эдийн засгийн бүтэц төдийлөн өөрчлөгдсөнгүй. Экспортын орлогын дийлэнх нь нүүрснээс хамааралтай хэвээр, эрчим хүчний дутагдал арилаагүй, Улаанбаатарын түгжрэл буураагүй, агаарын бохирдол шийдэгдээгүй, эрүүл мэнд, боловсролын салбарын чанарын асуудал хэвээр байна.

186 арга хэмжээ гэсэн тоо өөрөө амжилтын баталгаа биш

Хөгжлийн төлөвлөгөөнд бүсчилсэн хөгжил, хүний хөгжил, төрийн бүтээмж, цахим шилжилт, хөрөнгө оруулалтын орчин зэрэг олон сайхан зорилт туссан байна. Гэвч эдгээр нь өмнөх жилүүдийн төлөвлөгөөнд ч мөн адил багтаж байсан. Шинэ нь юу вэ, өмнөхөөсөө юугаараа ялгаатай вэ гэсэн асуултад тодорхой хариулт хараахан алга.

Нөгөө талаар улсын төсөв санхүүгийн хувьд хүндрэлтэй үед ийм олон ажил зэрэг хэрэгжүүлэх боломж бий эсэх нь эргэлзээ дагуулж байна. Нүүрсний үнэ төсөвт тооцсоноос доогуур түвшинд хадгалагдаж, экспортын орлого тасалдах эрсдэл байсаар байгаа энэ үед шинэ шинэ зорилт нэмэхээсээ илүү өмнө нь эхлүүлсэн ажлуудаа дуусгах нь чухал гэсэн байр суурийг эдийн засагчид илэрхийлдэг.

Мөн төлөвлөгөөний ихэнх хэсгийг эзэлж буй 186 арга хэмжээний дийлэнх нь “сайжруулах”, “дэмжих”, “боловсронгуй болгох”, “эрчимжүүлэх” зэрэг хэмжихэд хүндрэлтэй томьёололтой байгаа нь эргээд хариуцлага тооцох боломжийг сулруулдаг. Хэрэв зорилт биелэхгүй бол хэн хариуцлага хүлээх, ямар шалгуураар үнэлэх нь тодорхой бус хэвээр үлддэг.

Монголын хөгжлийн бодлогод өнөөдөр хамгийн их дутагдаж байгаа зүйл нь шинэ төлөвлөгөө биш, харин өмнөх төлөвлөгөөнүүдийн хэрэгжилт юм. Иргэдэд 186 арга хэмжээ биш, харин өвөл цахилгаан тасрахгүй байх, эмнэлгийн дараалал багасах, хүүхдийн сурлагын чанар сайжрах, түгжрэл буурах зэрэг бодит үр дүн хэрэгтэй байна.

Тиймээс 2027 оны хөгжлийн төлөвлөгөөг үнэлэх гол шалгуур нь хэдэн зуун арга хэмжээ төлөвлөсөн эсэх биш, харин ирэх жилийн эцэст тэдгээрээс хэд нь бодит өөрчлөлт авчирсан бэ гэдэг асуулт байх ёстой. Монголд төлөвлөгөөний хомсдол байхгүй. Харин хэрэгжилтийн хомсдол байсаар байна.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe