АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп лхагва гарагт дайныг дуусгаж магадгүй байгаа талаар мэдээллээ. Axios агентлаг лхагва гарагт мэдээлэхдээ, Цагаан ордон Ирантай 14 зүйл бүхий харилцан ойлголцлын санамж бичиг байгуулахаар төлөвлөж байгаа гэжээ.
14 зүйл заалт бүхий санамж бичгийг Ираны парламентын ахлах гишүүн “хүслийн жагсаалт” гэж нэрлэсэн юм. Харин Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч "АНУ-ын саналыг хянаж байгаа бөгөөд өөрсдийн саналаа Пакистаны зуучлагчдаар дамжуулан мэдэгдэх болно" гэжээ.
АНУ-ын албаны эх сурвалжийн мэдээллээр санамж бичигт Ираны цөмийн зэвсэгтэй холбоотой заалтыг дэлгэрэнгүй оруулжээ. Үүнд Ираны цөмийн баяжуулалтыг түдгэлзүүлэх, Ормузын хоолойгоор чөлөөтэй дамжин өнгөрөхийг сэргээх, АНУ-ын эдийн засгийн хоригийг цуцлах зэрэг багтсан бол бусад заалтууд тодорхойгүй байна.
Трамп сүүлд Цагаан ордонд үг хэлэхдээ “Бид Ирантай сүүлийн 24 цагийн хугацаанд маш сайхан яриа өрнүүлсэн. Тохиролцоонд хүрэхэд тун ойрхон байна” гэсэн юм.
Мөн тэрээр Ираныг дахин сүрдүүлж, сошиал хуудастаа “Хэрвээ тэд тохиролцоонд хүрэхгүй бол харамсалтай нь бид тэднийг урьд өмнөхөөсөө илүү эрчимтэй бөмбөгдөх болно” гэлээ.
Эдгээр мэдээлэл гармагц сүүлийн дөрвөн жилийн хугацаанд хамгийн дээд цэгтээ хүрсэн газрын тосны үнэ 100 ам.доллароос бууж эхэллээ. Тус мөргөлдөөн эхэлсний дараа дэлхийн жишиг брент маркийн газрын тосны үнэ баррель нь 100 ам доллароос давж, мөргөлдөөний эд үед 120 ам.долларт хүрсэн юм. Харин маргалдаанаас өмнө 70 ам.доллар байжээ.
Сэтгэгдэл үлдээх