Төв талбайн 4,000 гаруй хүний багтаамжтай асрыг Ерөнхий сайдын албан даалгаврыг үндэслэн өнөөдрөөс буулгахаар болжээ. Тус асарт циркийн уран бүтээлчдийн өдөрлөг товлогдсон байсан юм.
Энэ талаар НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс тодруулахад "Төрийн хэмнэлтийн хуулийн дагуу төв талбай дахь асарт зохион байгуулахаар төлөвлөсөн арга хэмжээнүүдийг цуцалж, өнөөдрөөс буулгахаар болж байна.
Ирэх сард болох Улаанбаатар марафон л төв талбайд зохион байгуулагдана" гэлээ.
Өнгөрсөн оноос эхлэн уг асрыг төв талбайд барьж, Улаанбаатар хотод аялал, жуулчлалын арга хэмжээнүүдийг зохион байгуулж байсан бол энэ онд 4-5 дугаар сард нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг төлөвлөсөн байв.
Албан даалгаврын 5.4-т Хууль тогтоомжоор үүрэг болгосон эсвэл Засгийн газраас албан ёсны шийдвэр гарснаас бусад бүх төрлийн форум, хурал, баяр ёслол, тэмдэглэлт ой, урлагийн наадам, салбарын өдөр зэрэг олон нийтийн арга хэмжээг төсвийн хөрөнгөөр зохион байгуулахгүй байх, хурал, сургалт, семинар, зөвлөгөөнийг цахимаар зохион байгуулж, зардлыг бууруулахыг Сангийн сайд З.Мэндсайхан, ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр, Төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгасугай гэжээ.
Сэтгэгдэл үлдээх