МУГТ Б.Сэр-Од Бостоны марафоны "элит гараанд" уралдсан анхны монгол тамирчин боллоо

.Graph
2026-04-21

Өдгөө 44 настай Монгол Улсын гавьяат тамирчин, Азийн аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгөн медальт, Б.СЭР-ОД өчигдөр буюу даваа гарагт АНУ-ын Бостоны марафонд хурд, хүчээ сорилоо. 

Дэлхийн долоон том марафоны нэг болох Бостоны марафон нь дэлхийн хамгийн ууган хийгээд хамгийн алдартай марафоны нэг бөгөөд энэ жил 130 дахь удаагаа зохин байгуулагдаж байна. 

Б.Сэр-Од "элит гараа" гэгддэг дэлхийн шилдгүүд уралддаг "pro field" -д гүйж, 2:16:41 амжилтаар 54 дүгээр байрт орлоо.

Монголын марафонч анх удаагаа Бостоны "элит гараанд" уралдсан нь энэ бөгөөд Б.Сэр-Од 40-44 насны ангилалд гуравдугаар байрт бичигдлээ.

Тамирчин Б.Сэр-Од 2023 онд “The New York Times”-д ярилцлага өгсөн ба тус ярилцлагатаа гүйлтийн спорт хөгжөөгүй байсан Монгол Улсад тамирчны хувьд хэрхэн өсөж дэвшсэн талаараа хуваалцжээ. Нэгэн цагт тэрээр биеийн тамирын багш байсан бөгөөд дараа нь цагдаагийн албан хаагч болж үүний хажуугаар тасралтгүй  өөрийгөө бэлтгэдэг байснаа онцолсон.

Түүний хамгийн өндөр амжилт нь 2022 онд Орегон мужийн Южин хотод болсон ДАШТ-д 2:11:39 секундээр 26-р байр эзэлсэн бөгөөд тэр үед 40 настай байжээ. Мөн энэ оны эхээр Шиамэний марафонд 2:13:59 секундийн амжилт үзүүлж, БНХАУ-ын Жиашинд болсон Азийн аварга шалгаруулах марафон гүйлтийн тэмцээнд зургаадугаар байр эзэлжээ.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe