Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна

.Graph
2026-04-17

АНУ-ын Вашингтон хотноо 2026 оны 4 дүгээр сарын 13-наас 18-ны өдөр зохион байгуулагдаж буй Олон Улсын Валютын Сан (ОУВС), Дэлхийн банкны хаврын чуулга уулзалтад Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт албаны баг бүрэлдэхүүний хамт оролцож байна.

Энэ удаагийн ээлжит уулзалтаар ойрх дорнодын бүс нутгийн хурцадмал байдлаас үүдэлтэй газрын тос, эрчим хүчний үнийн огцом өсөлт, нийлүүлэлтийн хомсдол, түүний үр дагавар, хүндрэлийг шийдвэрлэх боломжит шийдлүүдийн талаарх асуудлыг онцолж байна. Түүнчлэн хиймэл оюун ухаан, их өгөгдөл, кибер эрсдэл, олон улсын төлбөр тооцоо, санхүүгийн аюулгүй байдал, дижитал санхүүгийн шийдлүүд, тогтвортой өсөлт, нийлүүлэлтийн сүлжээний тасралтгүй байдлыг хангах зэрэг дэлхийн улс орнуудад сүүлийн жилүүдэд тулгамдаж байгаа асуудлууд энэ удаагийн хэлэлцүүлгийн сэдэвт багтаж байна.

Эдгээр уулзалтад Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, гадаад орчны хүндрэлийг даван туулах хүрээнд Монголбанкнаас боловсруулсан бодлогын шийдэл, оновчтой арга хэрэгслийн талаар мэдээлэл өгөх, олон улсын түнш байгууллагын боловсруулсан дэлхийн эдийн засгийн төлөв байдлын судалгааны үр дүн, бодлогын зөвлөмжийг оновчтойгоор хэрэгжүүлэх, цаашдын хамтын ажиллагааны талаар идэвхтэй хэлэлцүүлэг өрнүүллээ.

Түүнчлэн Төв банкнаас дунд хугацаанд хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөө, Төв банкны хараат бус байдлыг хангах, банкны салбарын реформыг эрчимжүүлэх, холбогдох хууль тогтоомжид оруулах нэмэлт өөрчлөлт, санхүүгийн салбарын дэд бүтцийг боловсронгуй болгох, корреспондент банкны харилцааг өргөжүүлэх, эрсдэлд суурилсан хяналт шалгалтын аргачлалыг үе шаттайгаар нэвтрүүлэх талаар олон улсын түнш байгууллагын удирдлага, мэргэжилтнүүдтэй санал солилцож байна.

Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт болон Монголын талын төлөөлөгчид ОУВС-гийн Дэд тэргүүн Кэнжи Окамура, Ази, Номхон далайн газрын дэд захирал Таксин Саади Седик нарын хамт

Монголбанкны баг бүрэлдэхүүнтэй уулзаж байгаа олон улсын түнш байгууллагад ОУВС-гийн Ази, Номхон далайн бүс нутгийг хариуцсан газрын удирдлага, Мөнгөний бодлого, хөрөнгийн зах зээл, Хууль эрх зүй хариуцсан газар нэгжүүд, Дэлхийн Банк, Олон Улсын Санхүүгийн Корпорац, Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк, түүнчлэн BNY Mellon, HSBC, JPMorgan зэрэг  байгууллагын төлөөлөл багтаж байна.

Эдгээр байгууллагын зүгээс Монгол Улсыг ойрх дорнодын хурцадмал нөхцөл байдлаас үүсэх хүндрэл, түүнийг даван туулах нөөц бололцоо, бодлогын арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлэх боломж нь бусад ижил төстэй улс орнуудтай харьцуулахад харьцангуй өндөр байгааг онцоллоо.

Түүнчлэн цаашид нөхцөл байдал хүндрэх тохиолдолд бодлогын оновчтой шийдвэрийг шуурхай гаргах, Төв банкны зүгээс төсвийн шинж чанартай арга хэмжээг хязгаарлаж, халамж, хөнгөлөлтийн арга хэмжээг нийт улсын хэмжээнд бус зөвхөн нийгмийн хэрэгцээт бүлэгт хандаж хэрэгжүүлэхийг зөвлөж, энэ хүрээнд дэмжлэг үзүүлэн ажиллах боломжтой талаар мэдэгдлээ.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe