АН "эгүүлэн татах" хууль дээр гишүүд өөрийн итгэл үнэмшлээр чуулганы хуралд оролцоно

.Graph
2026-04-13

Уламжлал ёсоор Ардчилсан намаас бүлгийн хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар нийтэд мэдээлэл өглөө. Энэ удаагийн хуралаас Ерөнхийлөгчийг өргөн барьсан хуулийн төсөл дээр бүлэг "2 од"-той буюу хуулийг зарчмын хувьд дэмжихгүй. Гэхдээ гишүүд өөрийн итгэл үнэмшлээр санал хурааалтанд оролцоно гэх шийдвэрт хүрчээ. Мөн ҮАБЗ-ийн Ажлын албаны нарийн бичгийн дарга А.Бямбажаргал УИХ дээр ёс зүйгүй авир ааш гаргасан тухай шаардлага хүргүүлэх талаар хэлэлцлээ.

АН-ын дарга О.Цогтгэрэл:  

ҮАБЗ-ийн Ажлын албаны нарийн бичгийн дарга А.Бямбажаргал УИХ дээр ёс зүйгүй авир ааш гаргасан тухай шаардлага хүргүүлэх талаар хэлэлцлээ. Түүнд ёс зүйн болон хуулийн хариуцлага хүлээлгэх шаардлагатай. Сая Ардчилсан намын бүлгийн хуралд 25 гишүүн оролцож, бүгдээрээ дэмжин УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг үзэл баримтлалынх нь хувьд дэмжихгүй гэдэг хоёр одтой шийдвэр гаргасан. Гэхдээ хувь УИХ-ын гишүүд өөрийн итгэл үнэмшлээрээ байр сууриа илэрхийлж болно гэдэг шийдвэр гаргалаа. УИХ-ын гишүүнд одоогийн хуулиар эгүүлэн татах заалт байдаг. УИХ-ыг ямар ч дархлаагүй болгох үзэл санаа энэ хуулийн төсөлд агуулагдаж байна. Тэгвэл Ардчилсан парламентын тогтолцооноос ухарч, дархлаагүй болгож, эрх болон эрх чөлөөнөөс ухарна гэж үзэж байна. Энэ хуулийн төслийн санал хураалт ирэх Пүрэв гаригт УИХ-аар хэлэлцэнэ. Бид энэ өдрөөс өмнө улс төрийн шийдвэрээ гаргахаар Улс төрийн зөвлөлөө хуралдуулах шаардлага тулгарч байна.

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: 

ҮАБЗ-ийн Ажлын албаны нарийн бичгийн дарга А.Бямбажаргал УИХ-ын гишүүн Б.Жаргалангийн асуултад хариулахын оронд түүнийг илтэд гүтгэн доромжилсон үйлдэл гаргасан нь төрийн албаны ёс зүй, хууль дээдлэх зарчимд ноцтойгоор харшилж байна. Иймд түүнд ёс зүйн болон хуулийн хариуцлага хүлээлгэхийг шаардаж байна. Ёс зүйтэй бай гэж шаардаж байгаа хуулийн төсөл өргөн барьж байгаа хүмүүс ёс зүйгүй үйлдэл гаргаж, худал мэдээлэл өгч болохгүй гэдэг хуулийн заалттай.

Үе үеийн Ерөнхийлөгч нар ийм хууль оруулж ирдэг. Энэ хуулийг баталж болохгүй гэж хэлсэн гишүүдийг хулгайгаа нуух гэж байна гэж шүүмжилдэг. Энэ шинэ үйл явдал биш. Яагаад үе үеийн парламент энэ хуулийг батлахгүй явсан бэ гэхээр парламент байхгүй бол тусгаар тогтнол байхгүй гэдгийг бие сэтгэлээрээ мэдэрч, мэддэг учраас парламентаа хамгаалж ирсэн. Ингэхийн тулд 76 гишүүний тоог 126 болгож нэмсэн. Одоо дахин парламент руу халдсан хуулийн төслийг оруулж ирж байна. Хэдхэн сарын өмнө 4-5 гишүүнийг эгүүлэн татах асуудлыг прокуророос оруулж ирнэ гэдэг мэдээ нийтэлж байсан бол энэ хуулийг батлуулахын тулд энэ процесс зогссон. Гишүүдийн тоо цөөн байгаа юм байна. Нэг гишүүн найзуудаараа хөзөр тоглоод сууж байлаа гэхэд Ёс зүйн дэд хороо, УИХ руу оруулж, эгүүлэн татдаг болно. Хэн ч хэнийг ч сонгосон бай олонход таалагдахгүй бол эгүүлэн татдаг нөхцөл байдал руу орно. Монголын парламент бие дааж шийдвэр гаргаж чадахгүй болох нь хэнд ашигтай вэ. Бид өөрсдөө парламентаа, төрөө бүрдүүлдэг байх ёстой.                         

       Мөн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төсөл дээр Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгээс авсан завсарлагатай холбоотой асуудлаар мэдээлэл солилцож, УИХ-ын гишүүн УИХ дахь Ардчилсан намын дэд дарга Х.Тэмүүжин мэдээлэл өгсөн бөгөөд 12:00 цагт бүлгийн хурлаар гаргасан шийдвэрийг танилцуулахаар болжээ.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe