Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн барьсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг тойрсон хэлэлцүүлэг парламент болон олон нийтийн дунд өрнөсөөр байна.
Ерөнхийлөгч эрх мэдлээ нэмэх зорилготой, намын жагсаалтаар сонгогдсон гишүүдийг нам нь буцаан татах боломж бүрдсэн зэргээр голчлон шүүмжилж байгаа билээ.
ЕТГ-ын Хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг дараах тайлбарыг өгч байна.
Хуулийн төсөлд Ерөнхийлөгч өөрөө санаачлан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах ямар нэгэн эрх огт тусгагдаагүй бөгөөд ийм эрхийг Монгол Улсын Үндсэн хууль ч олгоогүй. Харин гишүүдийн ёс зүй, хариуцлагыг сайжруулах шаардлага тавьж буй хэлбэр гэж тайлбарлав.
Гишүүнийг эгүүлэн татах асуудлыг зөвхөн УИХ-ын 126 гишүүн өөрсдөө нээлттэй хэлэлцэж, шийдвэрлэх зохицуулалттай. Ингэснээр парламентын бүрэн эрх, “дархлаа” хэвээр хадгалагдана гэж үзэж байна.
Хуулийн төслийн гол шинэчлэл нь иргэдийн оролцоог нэмэгдүүлж буй явдал. Сонгогч өөрийн сонгосон гишүүнийг үүргээ биелүүлэхгүй, ёс зүйн зөрчил гаргасан гэж үзвэл өргөдөл гаргах боломжтой.
Өргөдлийг УИХ-ын Ёс зүйн дэд хороо хэлэлцэж, үндэслэлтэй гэж үзвэл чуулганы нэгдсэн хуралдаанд оруулна. Эцсийн шийдвэрийг парламент нээлттэй хэлэлцэж гаргана.
Намын жагсаалтаар сонгогдсон гишүүдэд хариуцлага тооцох механизмын талаар ч маргаан өрнөж байна. Төслийн хүрээнд нам нь өөрийн жагсаалтаар орж ирсэн гишүүний асуудлыг УИХ-д оруулах боломжтой байхаар тусгасан ч энэ заалтыг хэвээр үлдээх эсэхийг парламент өөрөө шийдэх боломжтой.
Өөрөөр хэлбэл, УИХ хэлэлцүүлгийн явцад уг зохицуулалтыг хасах, өөрчлөх бүрэн эрхтэй гэдгийг онцолжээ.
Зарим шүүмжлэлд дурдагдаж буйгаар Үндсэн хуулийн цэц болон прокурорын байгууллага гишүүнийг эгүүлэн татахад оролцоно гэсэн ойлголт ташаа гэв.
Одоогийн зохицуулалтаар УИХ-ын гишүүний ёс зүйн зөрчилд ногдуулах хамгийн өндөр хариуцлага нь цалингийн 20 хувиар торгох хэмжээнд байгаа нь хангалтгүй гэж үзэж байна.
Харин бусад төрийн албан хаагчид ажлаас халах хүртэл арга хэмжээ авдаг тул “хууль шүүхийн өмнө эрх тэгш байх” зарчим алдагдаж байна гэсэн шүүмжлэл бий.
Ерөнхийлөгч орон нутагт ажиллах үеэр 7 мянга орчим иргэнтэй уулзахад уг хуулийн төслийг дэмжих байр суурь давамгайлж байсан талаар дурдсан байна. Иргэдийн зүгээс сонгосон төлөөлөгчдөө зөвхөн сонгоод орхих бус, хяналт тавих боломж бүрдүүлэхийг дэмжиж буйг онцоллоо.
Сэтгэгдэл үлдээх