Шинэ Засгийн газар анхны хуралдаанаараа НДШ-ийн өртэй 3800, татварын өртэй 12.1 мянган аж ахуйн нэгжийн хаасан дансыг нээх шийдвэр гаргаснаа зарлав. Ерөнхий сайд Н.Учралын хэлснээр энэ нь үйл ажиллагаагаа зогсоогоод байсан компаниудад бизнесээ сэргээх, татварын өрөө барагдуулах, ажилчдынхаа цалинг тавих боломж олгох зорилготой аж.
Тэрбээр мөн төрд ажил, үйлчилгээ үзүүлсэн ч төлбөрөө авч чадахгүй байгаа компаниудын асуудлыг шийдэж, цаашид төрийн байгууллагууд ажлын гурав хоногийн дотор төлбөрөө шилжүүлдэг болно гэж мэдэгдсэн юм.
Манай улсад нийт 263 мянган хуулийн этгээд бүртгэлтэй байдгаас 55 хувь нь үйл ажиллагаа явуулдаггүй байна. Харин оны эхний байдлаар татварын өртэй 15 мянга орчим аж ахуйн нэгжийн дансыг хаасан бөгөөд үүний цаана нийт 3 их наяд төгрөгийн татварын өр хуримтлагджээ.
Татварын байгууллагын мэдээллээр хоёр ба түүнээс дээш жил татварын өртэй байсан аж ахуйн нэгжүүдэд өр барагдуулах ажиллагаа явуулж, данс хаах арга хэмжээг хамгийн сүүлд авдаг байна. Өөрөөр хэлбэл, данс хаах нь гэнэтийн шийдвэр бус, хуульд заасан шат дарааллын дагуу хэрэгждэг ажиллагаа юм.
Гэвч шинэ Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан өчигдөр “хууль зөрчиж данс хаасан” гэх утгатай мэдэгдэл хийсэн нь анхаарал татав. Энэ нь татварын байгууллагын өмнөх ажиллагааг хууль бус мэтээр ойлгуулах эрсдэлтэй гэж эдийн засагчид, бизнесийн төлөөлөл шүүмжилж байна. Харин бизнес эрхлэгчдийн хувьд нэг удаагийн шинжтэй “гал унтраах” арга хэмжээ бус, татварын бодлогын суурь өөрчлөлт илүү чухал гэж үзэж байгаа юм.
Засгийн газар өнгөрсөн оны арванхоёрдугаар сард татварын багц хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан ч удалгүй буцаан татсан.
Татварын ерөнхий газрын Татвар хураалтын удирдлага, арга зүйн газрын дарга Р.Мягмаржавын мэдээлснээр дээрх өөрчлөлтүүд хэрэгжсэнээр нийтдээ 3 орчим их наяд төгрөгөөр татварын ачааллыг бууруулах боломжтой байжээ.
Гэвч уг хуулийн төсөл өнөөдрийг хүртэл дахин өргөн баригдаагүй бөгөөд хэзээ УИХ-аар хэлэлцэх нь тодорхойгүй хэвээр байна.
Ийнхүү Засгийн газар 12 мянган аж ахуйн нэгжийн дансыг нээж, бизнесүүдэд богино хугацаанд амьсгаа авах боломж олгож байгаа ч эдийн засгийн орчинд бодит өөрчлөлт авчрахын тулд татварын тогтолцоог шинэчилж, бизнес эрхлэгчдийн нуруун дээрх ачааллыг бууруулах шаардлага хэвээр байна.
Сэтгэгдэл үлдээх