Монголын түүх, соёлын үнэт өвүүд эх орондоо буцаж ирлээ

.Graph
2026-04-06

Швейцарын Холбооны Улсын Берн хот дахь Их сургуулийн номын санд хадгалагдаж байсан Монголын түүх, соёлын үнэт өвд тооцогдох эртний ховор хоёр бичвэрийг эх оронд нь буцаан шилжүүлэх ёслол энэ оны гуравдугаар сарын 31-нд Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суугаа Элчин сайдын яаманд боллоо.

Энэхүү үнэт бичвэрүүдийг буцаан олгоход Бернийн Их сургуулийн Шашны шинжлэх ухааны хүрээлэнгийн профессор, доктор Каренина Коллмар Пауленц онцгой үүрэг гүйцэтгэжээ.

Түүний Монгол судлалын чиглэлээр хийсэн олон жилийн судалгаа, шинжилгээ, мөн их сургуулийн зүгээс холбогдох дүрэм, журмын дагуу гаргасан албан ёсны шийдвэрийн үр дүнд эдгээр өвийг Монгол Улсад шилжүүлэх боломж бүрдсэн байна.

Буцаан авч буй эх сурвалжуудын эхнийх нь XVII зууны эхэн үеийн гар бичмэл бөгөөд Түвдийн их бясалгагч, яруу найрагч Миларайбын “Зуун мянган дуу” зохиолын монгол орчуулга юм.

Уг орчуулгыг Сэрэгэтү гүүш цорж хэмээх нэрт лам Түмэдийн нөлөө бүхий ноён Онбо хунтайжийн захиалгаар хийсэн бөгөөд гар бичмэлийн төгсгөлийн тэмдэглэлд дурдсанаар 1615 он орчимд орчуулагдсан байх магадлалтай. Судлаачдын үзэж буйгаар энэхүү эх сурвалж нь Монголын бурханы шашин, утга зохиол, орчуулгын түүхийг судлахад онцгой ач холбогдолтойд тооцогдож байна.

Хоёр дахь бичвэр нь 1716 онд Бээжинд уламжлалт модон хэвлэлээр хэвлэгдсэн, монгол бичгээрх “Гэсэр” баатарлаг туульсын ховор эх юм.

Тус хэвлэмэл нь туульсын 1–3 болон 5–7 дугаар бүлгийг багтаасан бүрэн бус хувилбар боловч Монголын баатарлаг тууль, аман болон бичгийн уламжлалын судалгаанд өндөр үнэ цэнтэй эх сурвалжид тооцогддог.

Эдгээр бичвэрүүд нь өмнө нь судлаач Рихард Эрнстийн хувийн цуглуулгад хадгалагдаж байгаад Бернийн Их сургуулийн номын санд шилжин ирсэн бөгөөд олон жилийн дараа ийнхүү эх орондоо буцаж ирж байгаа нь Монголын түүх, соёлын өвийг сэргээн хамгаалах үйл хэрэгт чухал үйл явдал болж байна.

Мөн уг үйл явдал нь Монгол Улс гадаадад хадгалагдаж буй соёлын үнэт өвийг эх орондоо буцаан авчрах бодлогын хүрээнд хэрэгжиж буй ажлын тод жишээ боллоо.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe