Үхрийн цул махны үнэ дундаж үнэ өнгөрсөн оны мөн үеэс 34 хувиар өссөн бол хонины цул мах 24.55 хувиар өсжээ

Д.Халиунаа
2026-03-24

Махны үнэ нэмэгджээ. Үхрийн цул мах “Хүчит Шонхор” худалдааны төв дээр 28.000 төгрөгөөр худалдаалагдаж байгаа бол хонины цул мах 21.000 төгрөгийн үнэтэй байна. Харин Бөмбөгөр, Таван Эрдэнэ зэрэг худалдааны төвүүдэд үхрийн цул мах 1 кг нь 30.000-33.500 төгрөгт хүрчээ. 

Харин хонины цул мах Баянзүрх захад хамгийн өндөр үнээр буюу 24.000 төгрөгөөр борлуулагдаж байна.

Үхрийн цул махны дундаж үнэ өнгөрсөн оны мөн үеэс 7477 төгрөгөөр буюу 34 хувиар нэмэгдсэн бол хонины цул мах 4100 төгрөгөөр буюу 24.55 хувиар өсжээ. 

Энэхүү өсөлтийн ард иргэдийн худалдан авалт буурч, ашиг орлогогүй болж байгаа талаар махны бизнес эрхлэгчид ярилаа.

“Хүчит шонхор” захын худалдаа эрхлэгч С.Сэргэлэн:

  • Үхрийн махаа 28.000-с буулгаад 27.500-д өгч байна. Олон зах нэмэгдсэнээс хойш махны үнэ огцом өссөн. Малчдын зах нээгдсэнээс хойш үнэ огцом нэмэгдсээр л байна. Бидний хувьд 20.000-21.000 төгрөгөөр махаа авч, энэ үнээр  борлуулж байна. Дээрээс нь худалдан авалт маш муу байна. Одоо ч махны лангуу хоосон байна. Иймээс ашиг орлого ч олохгүй байна

“Хүчит шонхор” захын худалдаа эрхлэгч Б.Мөнхжаргал:

  • Хонины цул мах 21 мянган төгрөгийн үнэтэй байна. Өмнөх жилээс бол хавьгүй нэмэгдсэн байгаа. Мах орж ирэлт их ховор байгаа учраас үнэ нэмэгдсээр л байна

“Хүчит шонхор” захын худалдаа эрхлэгч Н.Алтаа: 

  • Өнгөрсөн онд ямааны мах 14.000 төгрөг байсан бол энэ жил 18.000 төгрөг байна. Гадуур махны олдоц муу байгаа учраас үнэ нэмэгдэж байна. Дээрээс нь намаржин дарсан махыг Хятадууд их хэмжээгээр нь авч байгаа нь ч өсөлтөд нөлөөлж байна. Иргэдийн худалдан авалт маш муу байна. Захиалгатай тулдаа л болгож байна даа

Иргэдийн хувьд махны үнэ өссөн тул  өдөр хоногоо залгуулахад хүндрэл учирч байгаа талаар ярилаа

Д.Туул:

  • Одоогоор хамгийн хямд мах гэвэл тэмээний мах л байна. Үхрийн махаа авч хүчирэхгүй байгаа болохоор хямдыг нь бодоод 2кг тэмээний мах авлаа. Хөгшин настай хүн хэр нь тэмээний мах идэх гээд л явж байна даа

Б.Отгонсүрэн:

  •  Нөхөр бид хоёр өнөөдөр 200.000 төгрөгтэй гарч ирээд нэг гоймон, нэг есийн тос жаахан мах аваад л дуусчихлаа. Үхрийн мах авах гэж ирээд мөнгө хүрэлгүй 116.000 төгрөгөөр хонины мах авлаа. Тэгэхэд хоёр ширхэг сээр л ирж байна. Энэ чинь манайд долоо хоногийн л хоолны хэрэгцээ

Т.Энхжаргал:

  • 5кг хонины цул мах 99.000 төгрөгөөр авлаа. Би гадаадаас ирээд удаагүй байгаа. Хуучин дөрвөн жилийн өмнө ихдээ 9000 төгрөгөөр авдаг байсан махны үнэ арай л нэмэгджээ. Миний хувьд хоолны бизнес эрхэлдэг. Одоо бараг махаа дийлэхгүй дампуурах дээрээ тулаад л байж байна

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe