Ж.Энхбаяр:  Ковидын хууль шиг "Тусгай хууль"-ийн төслийг УИХ-д оруулна

Ц.Чимэдцэеэ
2026-03-24

Ойрх Дорнодын бүс нутагт үүсээд буй хурцадмал нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын эдийн засагт үзүүлэх нөлөөлөл, авч хэрэгжүүлэх арга хэмжээ, цаг үеийн асуудлуудын талаар Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр мэдээлэл өглөө.

Дэлхийн нефтийн зах зээл анх удаа нийлүүлэлтийн шоконд орж байна. Улмаар багаар бодоход 4 сар, бүрэн сэргэхэд 4-5 жил шаардагдана. Иймд Монгол Улсын эдийн засагт бодитой эрсдэл нүүрлэхээр байна.

Дэлхий дахинаа газрын тосны үнэ хоёр дахин нэмэгджээ. Монгол Улсын хувьд АИ92 41 хоног, АИ95 70 хоног, дизель түлш 28 хоног, шигэрүүлсэн шатдаг хий 35 хоног, онгоцны ТС-1 21 хоногийн тус тус нөөцтэй байна.

Иймд нийлүүлэлтийн хувьд асуудал үүсэхгүй. Харин үнийн хувьд Сингапурын биржийн ханшаас шалтгаалан хямрал үргэлжлэхээр бол 7 сард бүх түлшний үнээ шинэчлэх шаардлагатай.

Харин ойрын өдрүүдэд авах арга хэмжээний хүрээнд дизель түлш дээд тал нь 300 төгрөгөөр нэмэгдэж магадгүй. Энэ талаар маргаашийн Засгийн газрын хуралдаанд танилцуулж, баттай мэдээлнэ.

Хэтийн төлвөөр шатахууны суурь үнэ баррел нь 110 доллар болбол инфляци 13.8, 130 доллар болбол 17.1 болж өсөхөөр байна.

Мөн Ковидын хууль шиг "Тусгай хууль"-ийн төслийг УИХ-д оруулна хэмээлээ. Уг хуулиар,

  • Үндэсний сөрөн тэсвэрлэх стратегийн хүрээнд болзошгүй бэлэн байдалд зориулан төсвийн нийт зарлагыг нэмэгдүүлэхгүйгээр зохицуулна.
  • Үнийн тогтвортой байдлыг хангах зорилгоор гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас түр хугацаанд  чөлөөлнө.
  • Гадаад зээл тусламжийн ашиглалтыг нэмэгдүүлэх замаар эдийн засгийг дэмжинэ.
  • Үнийн өсөлт, хомстолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах, шаардлагатай нөөц бүрдүүлэхэд ААН-үүдтэй хамтхан ажиллана.
  • Төсвийн зарлагыг эрэмбэлэх, хэрэгжиж эхлээгүй төсөл, арга хэмжээг зогсооно.

Үргэлжлүүлэн Засгийн газраас эрчим хүчний дутагдлаа нөхөхийн тулд холбогдох 12 төслийг эрэмбэлж, эрчимжүүлэхээр болсон тухайгаа илэрхийллээ. Энэ дунд Дулааны III цахилгаан станцын 300Мбт-ын өргөтгөл, шинэчлэл, Эрдэнэбүрэнгийн 90Мбт-ын УСЦ, Дулааны IV ЦС-ын өргөтгөл тэргүүлж байна. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe