Х.Нямбаатарт төсөв төлөвлөх хараа дутаж, НИТХ-д нягтлах сэтгэл дутав

Д.Халиунаа
2026-02-27

Нийслэл хот дутуугийн зовлонд нэрвэгдээд удав.

Иргэд наад зах нь тээврийн хэрэгслийн албан татварыг гурав, авто зам ашигласны төлбөрийг тав дахин нэмэгдүүлсэн дүнгээр төлж, бусад татвар төлбөрүүдийг нуруугаа авахуулан төлж байгаа ч удирдлагуудад маань мөнгө дутсаар л байна.

Нийслэлийн 2026 оны төсөв батлагдсанаас хойш дөнгөж хоёр сарын дараа өөрчлөн нэмэгдүүлэхээр боллоо.

Өнгөрсөн оны 12 дугаар сарын 5-ны өдөр 2026 оны Нийслэлийн төсвийг НИТХ-ын төлөөлөгчдийн 83.3 хувийн саналаар дэмжиж, 5.8 их наяд төгрөгийн зардалтайгаар баталсан.

Харин энэ мягмар гарагт буюу хоёрдугаар сарын 24-нд энэ дүнг 6.5 их наяд болгон тодотгох саналыг НИТХ хэлэлцэв. Тодотгол баталж амжаагүй энэ цаг үед анхаарах хэд хэдэн асуудал бий.

Түүх өгүүлэхэд, Хотын дарга Х.Нямбаатар 2023 онд албан тушаалаа аваад 50 хоногийн дараа 2024 оны нийслэлийн төсвийг батлуулж байжээ. Үүнээс хоёр сарын дараа төсөвтөө гарч хүрч, тодотгоно гэж чичирсээр 2.2 их наядаар нэмэгдүүлж баталсан байв.

Тэгвэл 2025 оны төсвийг 8 удаа задалж, тодотгосон нь буруу байсан хэмээн өнөөдөр НИТХ-ын төлөөлөгч Ч.Батзориг мэдэгдлээ. Энэ мэт бодлогын тогтвор, тэнцвэргүй байдлын ард иргэдийн аж амьдралд наалдахгүй өндөр дүнгүүд салхинд хийссээр байна.

Төсвийн тухай хуульд зааснаар:

34.2.1. Дээд шатны төсөвт тодотгол хийсний улмаас тухайн шатны төсөвт тодотгол хийх зайлшгүй шаардлага бий болсон

34.2.2. Урьдчилан тооцох боломжгүй нөхцөл байдлын улмаас төсвийн орлого буурах, зарлага нэмэгдэж, орон нутгийн төсөв алдагдалтай болох нөхцөл байдал бий болсон

34.2.3. Үйлдвэрлэлийн түүхий эдийн үнийн индекс нь батлагдсан төсөвт тооцсон хэмжээнээс хоёр дахин өссөн тохиолдолд тус тус нийслэлийн төсвийг тодотгох боломжтой.

Харин энэ удаагийн төсвийн тодотголыг тус хуулийн 34.2.2-т заасан үндэслэлээр боловсруулсан хэмээн НЗД бөгөөд УБ хотын захирагч Х.Нямбаатар албан бичигтээ дурджээ.

2026 оны төсвийг нэмэгдүүлэх төсөл, арга хэмжээнүүдэд: 

  • 2025 оны жилийн эцэст санхүүжилт нь олгогдоогүй 9 төсөл, арга хэмжээнд 2.4 тэрбум
  • Төсвийн хөрөнгөөр 2025 онд хэрэгжиж байсан ч санхүүжилт татагдсан 4 төсөл, арга хэмжээнд 9.4 тэрбум
  • Нийслэлд хэрэгжих шинэ төсөл, арга хэмжээнд 9.8 тэрбум
  • “Улаанбаатар трам” төслийн хоёрдугаар шугамын ажилд 350 тэрбум
  • ДЦС-5 төсөлд 200 тэрбум төгрөг

Эдгээр төсөл, ажлуудаас хэзээ баригдах, ямар үе шатад, хэрхэн зарцуулах нь тодорхойгүй Сүхбаатарын талбайгаас Буянт-Ухаа цогцолбор чиглэлд босох “Улаанбаатар трам” төсөлд 350 тэрбум тусгасан нь олны анхаарлыг татаж, шүүмжлэлд өртсөн.

Яг энэ төслийг өнгөрсөн жил боловсруулж байхдаа төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлж, 28 жилийн хугацаанд жил бүр 66 тэрбум төгрөгийг нийслэлээс гаргахаар батлуулжээ.

2.4 тэрбум зарцуулах гэж буй 2025 оны жилийн эцэст санхүүжилт нь олгогдоогүй 9 төсөл, арга хэмжээнд ихэвчлэн сургууль, зам талбайн тохижилтод зарцуулахаар тусгажээ. Харин 9.8 тэрбумаар нийслэлд ямар төсөл хэрэгжүүлэх гэж буй нь тодорхойгүй байна. 

Мөн нийслэлийн 2026 оны төсвийн урсгал зардлыг 71.6 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр тусгасан байна. Үүнд: 

  • “КОП-17” үйл ажиллагаатай холбоотойгоор хурлын байр байгууламж, үйлчилгээг түрээсийн хэлбэрээр зохион байгуулахад холбогдох зардалд 70.1 тэрбум төгрөг 
  •  Үнэт цаас гаргахад шаардлагатай зардалд 1.5 тэрбум төгрөг 

Энэ мэтчилэн жил бүр төсвөө тодотгож, тэдгээр цаасан дээрх төслүүд нь хэзээ, хэрхэн хэрэгжих нь тодорхойгүй, мөн зарим төсвийн зарцуулалтын үр нөлөө хангалтгүй байгааг зарим ТББ-ууд шүүмжилж байгаа юм. 

Жишээ нь Монголын Залуучуудын Эвсэл ТББ-с гаргасан ирэх оны Нийслэлийн төсөвтэй холбоотой тодорхой асуудал хөндсөн тайланд энэ жил  гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд 70.0 тэрбум төгрөг тусгасан байна. Энэ дүн нь өнгөрсөн онуудад тавьсан дүнгээс огцом өсжээ. Өнгөрсөн 2025 оноос л гэхэд 15.6 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлжээ.

Гэтэл үүнийг дагаад гэмт хэргийн тоо буурах байтал жил ирэх бүрт нэмэгдэж буйг харуулжээ. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зардал нэмэгдэж байгаа хэдий ч гэмт хэргийн тоо буурахгүй, өсөх чиг хандлагатай байгаа нь төсвийн зарцуулалтын үр нөлөөг дахин нягтлах шаардлагатайг илтгэж байгааг онцолжээ. Үүнээс гадна тэд жил бүр хэвлэл мэдээллийн зардал гэж төсөв батлуулдаг атлаа ил тод байдлын зарчмыг хөндөж, тодорхой мэдээ, мэдээллүүдээ байршуулахгүй байгааг шүүмжилсэн юм. Энэ онд гэхэд энэ ажилд 750 сая төгрөг төсөвлөсөн харагдаж байна. 

Энэ мэтчилэн шинжилгээг иргэдийг төлөөлж сонгогдсон НИТХ-ийн гишүүд сайтар хийж, тухайн төсвийг хэрхэн үр ашигтай ажлуудад захиран зарцуулахыг хянаж, шаарддаг байх ёстой атал дээр дурдсанчлан хэзээ, хэрхэх нь тодорхойгүй төсвүүдийг тэд жил бүр дэмжин баталсаар иржээ. 



 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe