Шинэ долоо хоногийн эхэнд Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Харбины гэрээний талаар мэдээлэл өглөө.
Харбины гэрээ ингэж олон нийтийн хэлэлцүүлэг болоод байгаа нь Ж.Баярмаа, Д.Ганбат нарын дэвшүүлсэн асуудлаас үүдэлтэй. Тэд Харбины гэрээг Монгол Улсад алдагдалтай болсон гэж үзсэн.
Харбины гэрээгээр 247 сая тонн нүүрсийг 15 жилийн турш Хятадад зарах ёстой.
Ийнхүү нүүрс зарахдаа Хятадын талд нүүрсээ 50 хувиар хямдруулж байгаа гэж Д.Ганбат, Ж.Баярмаа нар мэдэгдсэн. Мөн Б.Энхбаяр сайд Лхагвын тойм нэвтрүүлэгт оролцохдоо энэхүү гэрээний алдагдлыг 10 тэрбум ам.доллар хүрэхийг дурдаад луйврын гэрээ хэмээн нэрийдсэн. Тэдний ийнхүү сануулж хэлээд, болгоомжлоод байгаа нь үнэний ортой. Учир нь, нүүрс зарах оффтэйк гэрээ ил болсноор бид нүүрсний хулгай яаж явж байсныг мэдэж авсан
Нууцад авсан гэрээ болгон хулгайтай байдаг гэхэд хилсдэхгүй
Тэд Харбины гэрээг энэ л замаар явсан байх вий гэж сэрэмжилж байгаа. Нууцтай танилцах эрх бүхий хүмүүс нь хулгай луйврын гэрээ болсон гэж хэлээд байгаа. Энэ талаар Ж.Баярмаа гишүүн “Харбины гэрээг ил тод болгоод сайн гэрээ байвал шагшин магтая, муу байвал засаж залруулъя” гэсэн. Үүнийг Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан эрс няцааж, Харбины гэрээгээр үзүүлж буй хөнгөлөлт нь 5-12 хувь хэмээн мэдээлсэн билээ.
Түүнчлэн түүний өгсөн мэдээллийн агуулга нь Харбины гэрээг хоёр улс нууцалж байгаа юм байна, нууцаас гаргахаар бол нэгнээсээ зөвшөөрөл авах ёстой юм байна. Хамгийн гол нь манай тал энэ гэрээнд өөрчлөлт оруулъя, энэ гэрээг цуцалъя гэж дуугарах л юм бол нөгөө тал танайх өөрсдөө гуйж гувшиж гэрээ хийгээ биз дээ гэж ширэв татаад манайхаас нүүрс авахаа больчих юм гэнэ. Түүний энэ хариултаас үзвэл, энэ гэрээ манай улсад алдагдалтай болсон эсэх нь хоёрдугаар асуудал, хятад манайхаас нүүрс авах нь л хамгийн чухал бололтой. Өөрөөр хэлбэл, улс хохирох хамаагүй ээ нүүрсээ л заръя гэдэг хариултыг тэр хэлчихлээ.
Урд хөрш манайхаас нүүрс авахаа болиг л дээ
Хятад манайхаас нүүрс авахаа болилоо гээд дампуурчихгүй. Учир нь, Хятадын хэрэглэдэг нийт нүүрсний 2 хувийг л манай улс нийлүүлдэг. Харин бид Хятадад нүүрс өгөхгүй байснаар хэцүүднэ. Төсвийн орлого шууд тасарч, төгрөгийн ханш суларч, валютын нөөц багасна.
Шууд дампуурахгүй ч илүү дутуу зардлаа танаж, байгаа боломж нөөцөө ашиглах гэх мэт хямралын горимд шилжиж таарна. Ингээд зогсохгүй дунд хугацаанд эдийн засаг агшиж, ажилгүйдэл нэмэгдэнэ. Магадгүй хойд ах нар туслах нэрийдлээр хөмрөн авахыг оролдох биз. Гэхдээ нөгөө талд бид олон улсын байгууллагууд, ардчиллыг дэмжигч томоохон гүрнүүдийн тусламжийг авч чадах л байх. Хэдийгээр урт хугацаанд хүнд хямрал нүүрлэж, хэцүү байх хэдий ч туурга тусгаар улс болсон хойно орлогын эх үүсвэрээ солонгоруулж, амьдрах учраа олох биз. Хамгийн гол нь хугацаа хэрэгтэй. Ингэж учраа олсон гаднын улсын жишээ бий.
Жишээлбэл, Арабын нэгдсэн Эмират улс. 1900-аас 1960-аад оны үед тэд загас барьж, сувд цуглуулж жижиг худалдаа эрхэлдэг тархай бутархай вант улсууд байсан. Ядуу буурай, дэд бүтэцгүй, хөгжилгүй. Ийнхүү 1950-аас 1970-аад онд Абу Даби, Дубай орчмоор нефть анх олдсоноор долоон Эмират нэгдэж нэг улс болсон. Манай улс нүүрсэнд найддагийн адилаар тэд нефтьдээ найдаж, нефтийнхээ орлогоор эрчим хүчний төсөл, хот байгуулах гээд байж болох бүхий л салбарт бүтээн байгуулалт хийсэн. Гэвч 1980-аад онд дэлхий даяар нефтийн үнэ огцом унаснаар орлого нь буурч, орлогоо төрөлжүүлэх ёстой юм байна гэдгийг ойлгосон. Ингээд худалдаа, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлснээр Дубайг дэлхийн бизнес аяллын төв болгож чадсан билээ.
Тэдний амжилтын гол нууц бол нефть дуусна гэдгийг эрт ойлгосон удирдагчийн алсын хараа, оновчтой шийдвэр гаргалт, гадаадын хөрөнгө оруулалт таталт билээ.
Үүнтэй адил жишээ гэвэл Финланд, Чили, Ботсвана гээд нэрлэж болно. Манайх шиг нөхцөл байдалтай байсан эдгээр улсаас нэг ч улс богино хугацаанд амархан гарч чадаагүй. Бүгд олон жил, бодлогын том өөрчлөлт хийж байж гарсан байна.
Уг нь бид нүүрс дуусна гэдгийг ойлгоогүй биш ойлгосон. Харин орлогоо төрөлжүүлэх тал дээр төдийлөн амжилт олохгүй байна. Манай удирдагчид ингэж амжилтгүй байгаа дээрээ нууц гэрээ хийж улсаа алдагдалд оруулна. Бусад улсын эрхэнд орж, өөрийн улсын эрх ашгийг хойш нь тавина. Хятадын хамаарлыг хэрхэн багасгах вэ гэж ярихын оронд улам хамааралтай болж байна.
Улс төрчдийг ингэх тусам, улс орон ийм болох тусам “Урд хөрш манайхаас нүүрс авахаа болиг л дээ”, “Урд хөрш хилээ хаавал бид өөрсдөө юм хийж сурах болов уу” гэсэн тэрслүү бодлыг ард түмэн боддог байх. Бусдын эрхэнд жаргахаар өөрийн эрхэнд зов гэдэг шүү дээ.
Гаднын улсуудын жишээг харвал дунджаар 20-30 жилийн дараагаас эдийн засаг нь сэргэж эхэлдэг юм байна. Өөрөөр хэлбэл, дунджаар 30 жил зовчихвол ирээдүйд урт удаан жаргах боломжтой болох нь. Нэн талаар хэрцгий мэт боловч нөгөө талаар энэ бол улсаа эдийн засгийн эрх чөлөөнд хүргэх нэг боломж ч байж болох юм.
Сэтгэгдэл үлдээх