Н.Учрал: Ардын нам авлигачдын хоргодох байр, халхлах хана хэрэм биш

.Graph
2026-02-27

 Монгол Ардын Намын II Бага хуралд

Монгол Ардын Намын дарга Н.Учралын тавих илтгэлийн онцлох ишлэлийг хүргэж байна

Эрх  чөлөө бол итгэлцэл юм. Эрх чөлөө бол хүч юм. Эрх чөлөө бол ардчилсан нийгмийн амьсгалах агаар юм. Эрх чөлөө бол эмх замбараагүй байдал биш ээ. Эрх чөлөө бол шударга ёс, эв нэгдлийн гагнаас юм.

Ийм энгийн бодит үнэнийг эрхэмлэн “Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт”-өө илтгэлээ Та бүхэндээ толилуулж байна.  

Улс төрийн нам бол амьд организм. Буруу зуршлаа таягдан хаяж, зөв хэвшилд дадан суралцаж, өөрсдийгөө баригдмал сэтгэлгээнээсээ чөлөөлж байж, Ардын нам ардынхаа итгэлд эргэн ирнэ, түмнийхээ сэтгэлд дахин төрнө хэмээх зорилго бол миний үзэл санааны чиг шугам юм.   

“Иргэн баян бол улс баян” хэмээх үзэл санааныхаа төлөө амиа зориулсан Ардын намын анхны дарга Солийн Данзангийн үйл хэрэг, үлдээсэн өвийн үнэ цэнийг мартах учиргүй. Эх орны эрдэнэс баялгаа илүү үнэ цэн, өртөг ашиг нэмж, үйлдвэрлэн боловсруулж, түүхий эдээ түүхийгээр нь гаргадаг түүхийг өөрчлөх нь бидний гэрийн даалгавар юм. Евразийн 5 улсын 2,4 их наяд долларын зах зээлийн үүдийг нээсэн түр хэлэлцээрийн боломжийг бүрэн дүүрэн ашиглаж, уул уурхайгаас хамааралтай эдийн засгаа төрөлжүүлэхийн төлөө хийх ажил их байна. Мах сүү, арьс шир, ноос ноолуураа үнэд хүргэн, монгол малчид, үндэсний компаниудын олох ашиг орлогыг өсгөхийн тулд шийдэх асуудал их байна.

Харин бидний амжилтыг хойш чангаасан алдаа дутагдал юу байв?

  1. Үнийн өсөлт өндөр хэвээрээ байна. Цар тахал, тээвэр ложистик, түлш шатахуун гэх мэт олон шалтгаан байгаа ч олон нийт үүнийг шалтаг гэж үздэг. Өнөөдөр албан ёсны статистикт инфляц 8.2% гэж гарсан ч итгэх хүн цөөхөн байна. Үнэ буулгах гэж татвар төлөгчдийн мөнгөөр татаас өгөөд байдаг, татуулж хэзээ ч дуусдаггүй татаасын орон боллоо.
  2. Гадаадын шууд хөрөнгө оруулалт  буурах боллоо. Жилд  4.2 тэрбум ам.долларт хүрч байсан гадаадын хөрөнгө оруулалт эрс татарч 2025 онд 50 хувиар багасжээ. Монголын За андгай буй заа гэдэг ёс зарчимтай атал хэлсэн ярьсандаа ч, хууль журмандаа ч байдаггүйдээ дүгнэлт хийх ёстой. Форум эвент зохиож, олон панелист төрлөө гээд хөрөнгө оруулагчдыг хамгаалахгүй.
  3. Эрчим хүчний салбарт тогтолцоо, хариуцлагын хямрал нүүрлэж, олон жил татаастай явж, үнийг хүчээр барьж, өрсөлдөөнийг боомилсны үр дагаврыг өнөөдөр мэдэрч үнэнтэй нүүр туллаа. Багануур, Тавантолгой, Шивээ-Овоо, Шүрэн, Эгийн гол, Эрдэнбүрэн гээд барьсан биш бариагүй цахилгаан станцуудын нэр усыг бүгдээрээ мэдэж авлаа. Тэд гэрэл асаахгүй, дулаан өгөхгүйг ч мэдэрлээ. Үнэ өртөг, техник технологи, менежмент, зохион байгуулалтын хувьд өвгөрч хуучирсан тогтолцоог үндсээр нь өөрчлөн шинэчилж чадахгүй бол урагшлах зам үгүй боллоо.  
  4. Халамжаас хөдөлмөрт гэж хэлдэг ч, хөдөлмөрөөс халамжинд гэж хийдэг. Эзнээ олдоггүй хавтгайрсан халамж зорилтот бүлэгт хүрэх ёстой нийгмийн хамгааллыг суллаж, хөдөлмөр эрхлэх сонирхлыг бууруулж байна. Өнгөрсөн 10 жилд ажиллах хүчний оролцооны түвшин 61% болж буурсан нь олон улсын дунджаас 18 функтээр бага байна.  Өөрөөр хэлбэл ажил эрхлэх боломжтой 10 хүний ердөө 6 нь ажил хийж эсвэл ажил хайж байна. Хавтгайрсан халамжаасаа салж, хөдөлмөр эрхлэх орчинг чөлөөлж, хийе бүтээе гэсэн хэн бүхнийг дэмжмээр байна.
  5. УИХ 2026 оныг хүүхдийн эрхийг хуульчлан хамгаалах, хуулийн хэрэгжилтэд хяналт тавихад анхаарах жил болгосонтой холбогдуулж УИХ-н хаврын чуулганаар Хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хуульчлан хамгаалах зорилгоор Гэр бүлийн хууль, Гэр, бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийг эн тэргүүнд хэлэлцэн батлах болно.
  6. Зөвшөөрлийн тухай хууль, түүнийг дагуулан 90 гаруй хуульд нэмэлт, өөрчлөлтөөр зөвшөөрөл гэдэг зүс, нэрээ гэрчилгээ, тохирол, бүртгэл, лавлагаа, дүгнэлт зэргээр өөрчлөн хувиргаж, 1000 гаруй болж амилсан зөвшөөрөл нэртэй хориглолтыг нурааж, эрх чөлөөний замыг чөлөөлнө.
  7. 31 зөвшөөрлийг бүрмөсөн алга болгоно. 254 тусгай зөвшөөрлийг 180 болгож эрс цөөлж чөлөөлнө. Мянга гаруй зүсээ хувиргасан бичиг 134 энгийн зөвшөөрөл+ 32 мэдэгдэл болгож чөлөөлнө.
  8. Төрийн өмчит компаниудыг олон нийтийн болгож, нэгтгэн нийлүүлж, татан буулгаж, төсвийн хэт тэлэлтийг хязгаарлаж, хувийн хэвшилдээ өсөн дэвших орон зайг нээнэ. Аж ахуйн нэгжүүд жижиг нь томордог, том нь дэлхийд өрсөлддөг өртөө замыг нээн чөлөөлнө.

 

Ардын нам авлигачдын хоргодох байр, халхлах хана хэрэм биш. Монголын маргааш дуусахгүй гэдэг шиг авлигын эсрэг чөлөөлөлтөө дараагийн удаа гэж хойшлуулах эрхгүйгээр яг одоо зарлаж байна.

Нэгдүгээрт, Монгол Ардын намын гишүүнчлэлээс түдгэлзүүлэх тухай. Монгол Ардын намын даргын хувьд прокурорын байгууллагаас авлига, албан тушаалын хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан, Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх,

Үндсэн хууль зөрчсөн нь Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтээр тогтоогдсон УИХ-ын гишүүн Х.Булгантуяа,

Нам дамнасан бүлэглэл байгуулж, нийгмийг эмх замбараагүй байдалд удаа дараа турхиран Монгол Ардын намын бодлого, үйл ажиллагааг зохион байгуулалттайгаар гүтгэн харлуулж, намын бодлогыг хувийн оффисоос гуйвуулан завхруулж, намын гишүүний ёс зүй, сахилга хариуцлагыг уландаа гишгэсэн Бага хурлын гишүүн асан А.Амундра нарыг Монгол Ардын намын гишүүнээс чөлөөлөх нь зүйтэй гэж үзэж байна.

Намын үндсэн дүрэмд заасны дагуу эдгээр гишүүдийг намаас түдгэлзүүлэх асуудлыг шийдвэрлүүлэхээр Хяналтын Ерөнхий хороонд албан ёсоор хандаж байна. Урьдын гавьяа зүтгэл авлига, албан тушаалын хэрэг, ёс зүйн хариуцлагаас халхлах бамбай болох учиргүй. Шүүхээр гэм буруутай эсэхээ тогтоолгосны дараа Монгол Ардын намын гишүүнчлэлээ сэргээлгэх эрх нь нээлттэйг энэ дашрамд сануулъя.

Улс төрийн нам шүүх биш боловч ёс зүйн өндөрлөгтэй, сахих дүрэм журамтай, сахилга хариуцлагын өндөр босготой байх учиртай. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe