Иран улсад инфляцын өсөлт, валютын ханшийн огцом уналтын эсрэг эхэлсэн жагсаал 10 дахь өдрөө үргэлжилж байна. Эсэргүүцлийн жагсаал анх Тегеран хотоос эхэлсэн бол одоо 31 мужид өргөжөөд байна. Яг одоо тус улсад 2022 онд болсон тэмцлээс хойш хамгийн томд тооцогдох эсэргүүцлийн хөдөлгөөн болж байна.
Одоогоор 36 иргэн амиа алдсан байгааг хүний эрхийн байгууллага мэдээллээ. Хүний эрхийн төлөөх HRANA байгууллагын мэдээлснээр, амиа алдсан хүмүүсийн 34 нь жагсагчид байсан бол хоёр нь аюулгүй байдлын хүчний ажилчид байжээ. Мөн үймээний үеэр 60 гаруй хүн бэртэж, 2076 хүн баривчлагджээ.
Жагсаалыг хүчээр зогсоохоор уриа, лоозон барьсан жагсагчид руу цагдаагийн хүчнийхэн нулимс асгаруулагч цацжээ. Өнгөрсөн баасан гарагт Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны эрх баригчид жагсагчдын эсрэг дахин хөдөлбөл АНУ хөндлөнгөөс оролцохоо дахин дахин анхааруулсаар байгаа юм.
Иранд өнгөрсөн оны гуравдугаар сараас хойш инфляц 36 хувьд хүрч, риалын ханш бараг тал хувиар суларсан нь иргэдийн амьдралд хүнд цохилт болжээ. Мөн тус улсын өндөр албан тушаалтнууд болон тэдний гэр бүлийг хамарсан авлигын хэргүүд олон нийтэд ил болсоор буй нь иргэдийн уур бухимдлыг нэмэгдүүлсээр байна.
Сэтгэгдэл үлдээх