Монгол улс анх 2024 оны 1-р сарын 1-нд гэрийн тэжээвэр амьтны тухай хуультай болсон. Тус хуулийн хүрээнд нийслэлийн зургаан дүүрэгт эзгүй нохой, муурыг түр асрах байр байгуулахаар төлөвлөжээ. Үүний дагуу эхний ээлжид Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, Шувуун фабрикт байрлах хар үнэгний аж ахуйн байрыг түр асрах байр болгожээ. Харин энэ сарын 14-ны өдөр “Азтай савар амьтанд хайртай залуус" ТББ-ын сошиал хаягт нэгэн иргэн
“Улсын асрамж дээр очоод ирлээ. Бодит нөхцөл байдал ийм байна. Зураг бичлэг хийлгүүлэхгүй байна. Хийсэн нь энэ. Үүлдэртэй 2 амьтан бусад нь үүлдэргүй. Нийт 40 нохой, хашаанд -37 сул- 3 нохой байна. Нөхцөл байдал маш хүнд, уяа нь богино, хөдөлгөөн хийхэд хүндрэлтэй, шээс баасан дээрээ хөрвөчихсөн. Хөлдүү цувдайгаа өгсөөр байна. Дулаан үүргүй. Зүгээр нэг саравчин доор ингээд уячихсан. Бие нь маш хүнд байдалтай өвдчихсөн хэдэн нохой бас байна. Баас шээстэйгээ холилдчихсон. Бүх нохой маш ихээр тураалд орчихсон. Үнэхээр өрөвдмөөр. Хэдэн тэрбумаар нь зүгээр эд нар идэж байна. Амьдын там. Энэ амьтдыг одоо яах вэ? Цагаа тулахаар туслах хүн ч олдохгүй юм”
хэмээн нийтэлжээ. Мөн эзэнгүй амьтдыг аврах нэрийдлээр хууль зөрчиж, гудамжны нохдыг барьж тус газарт буудаж байна ч гэх мэдээлэл ирсэн юм. Үүний дагуу бид нөхцөл байдалтай танилцаж, сурвалжлахаар шувуун паркийг зорьсон юм. Юун түрүүнд хариуцсан ажилтантай холбогдоход гадны хүн огт оруулдаггүй гэх хариулт авлаа. Энэхүү асрах байранд улсаас ямар нэгэн тусгайлсан төсөв байхгүй бөгөөд урсгал зардлаар үйл ажиллагаагаа явуулдаг байна.
Амьтдыг асрах байр нь нээгдсэнээсээ эхлээд л асуудал дагуулсаар иржээ. Өнгөрсөн онд тус байранд олон зуун амьтдыг аваачиж аврах нэрийдлээр аллага үйлдэж байгааг зарим сайтууд сурвалжилж байжээ. 600 гаруй гудамжны амьтдыг цуглуулж, аллага үйлдчихээд үлдсэн нохойг нь тавьж явуулаад хаалгаа хаасан гэдэг. Энэ талаар Нийслэлийн мал эмнэлгийн газрын дарга Б.Цолмонгоос тодруулахад “Өнгөрсөн жил олон нохой үхсэнээс гадна, байр савны асуудалтай байсан юм байна лээ. Манайх хүлээж авснаас хойш ямар ч тийм юм байхгүй” гэлээ. Мөн тус байрыг хариуцсан малын эмч саяхан буюу есдүгээр сараас ажлаа авсан бөгөөд ирсэн бүх амьтдад вакцин хийж, өвчтэй нохойнуудыг эмчилж байгаа гэлээ. Харин биднийг очиход бэлдсэн байсан уу үнэхээр л тийм байсан уу гэмээр дүр зураг угтсан юм. Гөлгөн нохойнууд ихэвчлэн дотор байрлаж байгаа бол том нохойнууд бүгд гадаа байлаа. Нийтдээ 70 гаруй нохой, найм орчим муур байгаа бөгөөд ихэнхдээ гудамжнаас оллоо гэж хүмүүс авчирдаг хэмээн хариуцсан малын эмч нь мэдээлэв. Хоол ундны хувьд өдөрт хоёр удаа хооллодог ба ихэвчлэн малын таван цул болох элэг, бөөр, зүрх зэргийг болгож өгдөг гэнэ. Тус төвд хоёр асрагч, нэг галч, нэг малын эмч ажиллаж байна. Харин нохойнуудын хоолны идүүрийг харахад ямар нэг хоолны ул мөр харагдсангүй.
Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн эзэнгүй амьтан түр байрлуулан асрамжлах үйл ажиллагаанд тавигдах нийтлэг шаардлагад
Мөн нохойны уяа багадаа гурван метрийн урттай байх ёстой аж. Гэвч гадаа байгаа зарим амьтадыг ямар ч тасалгаагүй, торон хашаанд уяад орхижээ. Уяаны хувьд нэг метрээс уртгүй харагдлаа.
Манай улс саяхныг хүртэл гудамжны амьтдыг шууд устгалд оруулах замаар бууддаг байсан. Уг ажиллагаанд жил бүр 1.8 тэрбум төгрөг төсөвлөдөг аж. Харин өнгөрсөн оноос хэрэгжиж эхэлсэн шинэ хуулийн дөрөвдүгээрт бүлэгт ийн заажээ.
Гэтэл буудахыг хориглоно гээд хууль баталчхаад байхад энэ онд хотын дүүргүүд сая саяар нь тендер зарлажээ.
Жишээ нь СХД 642 сая төгрөг, Баянзүрх дүүрэг 450 сая дүүрэг, Баянгол дүүрэг 245 сая төгрөг гээд таван дүүрэг нийт 1.7 тэрбум төгрөг төлөвлөжээ. Үүнээс харахад тэд хуулийнхаа эсрэг үйл ажиллагаа явуулсаар иржээ.
Уг нь амьтдыг үржүүлэхгүй, олшруулахгүй байх хамгийн зөв бөгөөд энэрэнгүй арга бол спей буюу үржил хаах мэс ажилбар гэдгийг малын их эмч Т.Алтансүх хэлсэн юм.
Энэ оны гуравдугаар сард хотын дарга хэлэхдээ энэхүү асрах байрын урсгал зардал өндөр байгаа гэж хэлснээс гадна уг ажилд Нийслэлийн захирагчийн албанаас ойролцоогоор нэг тэрбум төгрөг зарцуулсан гэх мэдээлэл байна. Тэгвэл энэ их мөнгө юунд зарцуулагдаж байгаа нь одоо ч нээлттэй бөгөөд тодорхойгүй хэвээр байна.
Нөгөө талаасаа иргэд амьтан тэжээхдээ хариуцлагатай хийгээд хайхрамжтай хандахгүй бол амьтдын эрх энэ мэтчилэн зөрчигдсөөр л байна.
Видео сурвалжилгыг энд дарж үзнэ үү.
Сэтгэгдэл үлдээх