Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар 2025 оны 9 дүгээр сард Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын харьяа Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагааг шалгажээ.
Сангийн орлого, зарлагын тэнцэл алдагдсан, хяналт сул, өр төлбөр хуримтлагдсан зэрэг ноцтой асуудлууд илэрсэн байна.
Шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдал
Эрүүл мэндийн даатгалын тогтолцоонд мөрдөгдөх хууль, журам хангалттай хэрэгжээгүй, зарим журам огт батлагдаагүй.
- Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн эрх зүйн байдал тодорхойгүй болж, бодлого, хяналтын үүрэг суларсан.
- Эрүүл мэндийн даатгалын сан 2023–2025 онд жил бүр алдагдалтай ажиллаж, 2025 онд ажил олгогч, даатгуулагчийн шимтгэлийн орлого 247 тэрбум төгрөгөөр тасрах эрсдэлтэйг тогтоов.
- Тусламж, үйлчилгээний тохиолдол төлөвлөснөөс 27 хувиар хэтэрч, зардал хяналтгүй өссөн байна.
- Сард ирдэг 2 сая гаруй нэхэмжлэлийн ихэнх нь нарийвчилсан хяналтад хамрагддаггүй, код ахиулалт, хуурамч нэхэмжлэл илэрсэн.
- Эмийн хөнгөлөлтийн зардал тогтмол өсөж, ижил эмийн үнэ эмнэлэг бүрт харилцан адилгүй байгаа нь сангийн ачааллыг нэмэгдүүлж байна.
- 2025 оны эхний хагас жилийн байдлаар Эрүүл мэндийн даатгалын сангийн нийт өр 193.3 тэрбум төгрөгт хүрч 70 хувийг төрийн өмчит эмнэлгүүд эзэлж, төлбөрийн хариуцлага сул.
Шалгалтын дүгнэлтээр өнөөгийн тогтолцоо хэвээр үргэлжилбэл Эрүүл мэндийн даатгалын сангийн тогтвортой байдал алдагдах, улмаар иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж буурах эрсдэл байгааг онцолж байна.
Дэд ажлын хэсгээс цаашид дараах авах арга хэмжээ авах хэрэгтэй хэмээн дүгнэжээ.
- Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг цогцоор нь шинэчлэх
- Даатгалын сангийн засаглал, хяналтыг сайжруулах
- Шимтгэлийн хувь хэмжээг үе шаттай нэмэгдүүлэх
- Тариф, өртгийн тооцоог бодит зардалд нийцүүлэх
- Нэхэмжлэлийн цахим, автомат хяналтын тогтолцоо нэвтрүүлэх
- Эмийн үнийн ил тод, нэгдсэн зохицуулалт бий болгох шаардлагатай гэж үзжээ.
Дүгнэлтийг Засгийн газарт танилцуулаад байна.
Сэтгэгдэл үлдээх