С.Наранцогтыг Монгол банкны ерөнхийлөгчөөр томилохыг гишүүдийн 79 хувийн саналаар дэмжлээ

.Graph
2025-12-18

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монголбанкны Ерөнхийлөгчийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ 

Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... Монголбанкны Ерөнхийлөгчийг Улсын Их Хурлын даргын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал нэр дэвшигчийн сонсгол хийж зургаан жилийн хугацаагаар томилно” хэмээн заасны дагуу Улсын Их Хурлын дарга Н.Учрал Санжаагийн Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлж буйгаа нэгдсэн хуралдаанд танилцуулав.

         Санжаагийн Наранцогт нь 1973 онд Дундговь аймагт төрсөн. Монгол Улсын Их сургуулийн Физик математикийн сургуулийг 1990-ээс 1994 онд бакалаврын зэрэгтэй суралцаж төгссөн. 1999-ээс 2001 онд тус сургуульд магистрын зэрэг хамгаалсан. 2005-аас 2008 онд Бүгд Найрамдах Солонгос Улсын Сөүлийн Үндэсний Их Сургуульд доктор /Ph.D/ зэрэг хамгаалжээ. 1993-1997 онд Шинжлэх Ухааны Академийн Математикийн хүрээлэнд туслах эрдэм шинжилгээний ажилтан, 1994-1997 онд Шинжлэх ухаан техникийн мэдээллийн төвд инженер, ахлах инженер, 1997-2000 онд Монголын Нээлттэй нийгэм хүрээлэнд хөтөлбөрийн зохицуулагч, 2000-2003 онд “Ай си” ХХК-д ерөнхий менежер, 2003-2005 онд Санхүү, эдийн засгийн яаманд мэргэжилтэн, хэлтсийн дарга, 2005-2008 онд Бүгд Найрамдах Солонгос Улсын Сөүлийн Үндэсний Их Сургуульд докторант, 2008-2012 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд Газрын дарга, 2012-2015 онд Хөдөлмөрийн яаманд Газрын дарга, 2015-2017 онд Сангийн яаманд Газрын дарга, 2017-2021 онд Сангийн яаманд Төрийн нарийн бичгийн дарга, 2021- 2022 онд Эдийн засаг, хөгжлийн яаманд Дэд сайдаар ажиллаж байгаад 2022 оноос одоог хүртэл “Эрдэнэс Монгол” ХХК-д Гүйцэтгэх захиралын албан тушаалыг тус тус хашиж байгаа гэв.

С.Наранцогт нь төрийн захиргааны төв байгууллагууд болон төрийн өмчит “Эрдэнэс Монгол” ХХК-ийг удирдан ажиллаж байх хугацаандаа Төрийн сангийн төлбөр тооцооны нэгдсэн цахим систем, төрийн албаны нэгдсэн цахим систем, НӨАТ-н и-баримт систем, гаалийн ухаалаг гарцын системийг нэвтрүүлж, нутагшуулсан гэдгийг Н.Учрал дарга танилцуулгадаа онцоллоо. Мөн татварын багц хууль, Үндэсний баялгийн сангийн тухай хууль, Төсвийн тухай хуулиудыг боловсруулж, батлуулах ажлыг удирдан зохион байгуулсан; төсвийн сахилга батыг сайжруулж, өрийн удирдлагыг оновчтой хэрэгжүүлж ажилласнаар Монгол Улсыг “Хар”, “Саарал” жагсаалтаас гаргах, улсын зээлжих зэрэглэлийг ахиулах суурь нөхцөлийг бүрдүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэн ажилласан юм байна.

Макро эдийн засгийн бодлого, хөгжлийн төлөвлөлтийг хариуцаж, гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх ажлыг санаачлан хэрэгжүүлж, экспортыг нэмэгдүүлэх, тээвэр логистикийг сайжруулах ажлыг удирдан зохион байгуулсныг Улсын Их Хурлын дарга танилцуулгадаа тодотгов.

Үүний зэрэгцээ ашигт малтмал борлуулах бүх шат дамжлагыг цахимжуулж (E-barimt), гааль татварын системтэй холбосноор далд эдийн засгийг бууруулж, татварын орлогыг нэмэгдүүлэх, Францын "Орано майнинг" компанитай хийх хөрөнгө оруулалтын гэрээний Техникийн ажлын хэсгийг ахалж, төслийн санхүүгийн загварчлалыг боловсруулан хэлэлцээрийг амжилттай хийсэн амжилтуудыг нь онцлон танилцууллаа.

“Эрдэнэс Монгол” нэгдлийн хэмжээнд санхүүгийн сахилга батыг тогтоож, толгой хуримтлагдсан 514.0 тэрбум төгрөгийн өр төлбөрийг бүрэн барагдуулж, "Хуримтлалын сан"-д 500 тэрбум төгрөг төвлөрүүлэн 10,000 өрхийн ипотекийн санхүүжилтийг шийдвэрлэх зэрэг улс орны хөгжилд чухал нөлөөтөй олон хүндрэлтэй асуудлуудыг шийдвэрлэхэд С.Наранцогт нь голлох болон туслах үүрэгтэйгээр оролцсон байна.

Улсын Их Хурал бүрэн эрхийнхээ хүрээнд улсын хэмжээнд төрийн мөнгөний бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэх үүрэгтэй Монголбанкны удирдлагыг томилох, чөлөөлөх эрхээ хэрэгжүүлдэг гэдгийг Н.Учрал дарга хэлээд “Хэдийгээр Улсын Их Хурлаас жил бүрийн мөнгөний бодлогын баримт бичгийг батлах замаар төрөөс баримтлах үндсэн чиглэлийг тогтоож өгдөг боловч төсөв, мөнгөний бодлогын уялдаа холбоог хангаж ажиллах, банкны салбарт шударга зохицуулалтыг мөрдүүлэх, үйл ажиллагааны алдагдлыг хамгийн бага байлгах, хүний нөөцийн зохистой, үр дүнтэй бодлого хэрэгжүүлэх зэрэг үйл ажиллагаа нь Монголбанкны Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд хамаардаг” гэв. Энэ үүргээ гүйцэтгэхэд тухайн албан тушаалд томилогдсон хүний манлайллаас шууд хамааралтай хэмээн үзэж буйгаа хэлээд,  сүүлийн жилүүдэд Монголбанканд хариуцлага, сахилга бат, хараат бус байдал алдагдаж, макро эдийн засгийн тэнцвэрийг хангах, банкны салбарт шударга зохицуулалтын үйл ажиллагаа явуулах зэрэг үндсэн үйл ажиллагаагаа хангалтгүй хэрэгжүүлж байгаа гэдэг дүгнэлтийг үйл ажиллагааны тайлангуудаас харж болно хэмээсэн.

Улсын Их Хурлын дарга Н.Учрал “Монголбанкны хуримтлагдсан алдагдал 2024 оны байдлаар 7.4 их наяд төгрөгт хүрч сүүлийн 5 жилийн хугацаанд 5.0 орчим их наяд төгрөгөөр нэмэгдсэн, хүний нөөцийн бодлого алдагдан ажилтнуудын тоо 3 дахин нэмэгдэж, 700 хүрсэн, банкны харилцагч иргэн, хувийн болон төрийн байгууллагуудын зүй ёсны эрхийг хамгаалах чиглэлээр дорвитой ажил хийхгүй байгаа зэргээс харж болохоор байна.

Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын хувьд Монголбанкны үйл ажиллагааг нээлттэй, зарчимтай, макро эдийн засгийн тэнцвэрийг ханган ажиллах гол бодлогын институт байлгах нь та бидний үүрэг юм” хэмээгээд төрийн албаны дадлага, туршлага, хувь хүний зарчим, боловсрол, ур чадварыг үндэслэн Монголбанкны Ерөнхийлөгчөөр Санжаагийн Наранцогтыг томилуулах саналыг дэвшүүлж буйгаа танилцууллаа.

Санжаагийн Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчид томилуулах саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна. Мөн Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Монголбанкны Ерөнхийлөгч, Тэргүүн дэд ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа тэдгээрийг томилсон өдрөөс эхэлж, Улсын Их Хурлаас дараагийн Монголбанкны Ерөнхийлөгч, Тэргүүн дэд ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгчийг томилсноор дуусгавар болно.” гэж заасны дагуу Бядрангийн Лхагвасүрэнг Монголбанкны Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаас чөлөөлөхөөр тогтсон хэмээн Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтэд дурдав.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe