“Friends” цувралын жүжигчин Мэттью Перригийн үхэлд буруутай нь тогтоогдсон хоёр дахь эмч найман сарын ял сонслоо

.Graph
2025-12-17

Дэлхий дахинаа хамгийн амжилттай цувралуудын нэг болсон “Friends”-ийн Чэндлерийн дүрээрээ олны хайр хүндэтгэлийг хүлээсэн жүжигчин Мэттью Перри 2023 оны аравдугаар сарын 23-ны өдөр Лос Анжелес дахь гэртээ нас барсан байдалтайгаар олдсон харамсалтай хэрэг гарсан билээ.

Түүний нас барсан шалтгааныг сэтгэцэд нөлөөлөх бодис кетамины тун хэтэрснээс болсон гэдгийг тогтоосон. Тухайн үед жүжигчний үхлийн хэрэгт холбоотой таван хүнийг баривчилсан юм. Эдгээр таван хүний дунд түүний хувийн туслах, хоёр эмч, кетамины хатан хаан хочтой хууль бус наймаачин зэрэг хүмүүс багтсан.

Мэттью Перри амьд байхдаа өвчин намдаагч болон согтууруулах ундаанд донтсон гэдгээ олон нийтэд зарлаж байсан удаатай. Мөн багагүй хугацаанд тэмцэж байгаа гэдгээ хэлж байсан. Нас барахаасаа өмнө тэрээр депресс, сэтгэлийн түгшүүрээ эмчлэхийн тулд кетаминыг хэрэглэж байжээ.

Гэвч түүнд кетамин өгч байсан эргэн тойрных нь хүмүүс тун нь хэтэрсэн, хэт их хэмжээтэй өгч байгаагаа мэдсэн ч санаатайгаар худалдаж борлуулсаар байсан гэж прокурорууд үзсэн. Түүнийг нас барснаас хоёр жилийн дараа буюу энэ оны долоодугаар сард мансууруулах бодис тараасан Сальвадор Пласенсиад хэргээ хүлээн зөвшөөрч, түүнд энэ сарын эхээр 30 сарын хорих ял оноожээ.

Харин өчигдөр буюу мягмар гарагт түүний үхэлд буруутгагдсан хоёр дахь эмч болох Марк Чавесд найман сар гэрийн хорионд байх гурван жил шүүхээс тогтоосон дүрмийг дагаж мөрдөх ял оноолоо. Прокуроруудын мэдээлснээр Перригийн туслах Кеннет Ивамаса, Чавес нартай хамтран жүжигчнийг нас барахаас хэдэн долоо хоногийн өмнө түүнд 50,000 гаруй ам.долларын кетамин өгчээ. Чавес кетаминыг хуучин эмнэлгээсээ болон бөөний худалдаа эрхлэгчээс хуурамч жороор авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна.

Үлдсэн гурван хүнд ирэх саруудад ял оноохоор төлөвлөж байна.


 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe