Дональд Трамп Ши Жиньпинд хандан ардчиллын төлөө тэмцэгч Жимми Лайг суллахыг шаардлаа

.Graph
2025-12-16

Их Британи улсын иргэн, Хонг Конгийн хэвлэлийн салбараас төрөн гарсан Жимми Лайгийн хэргийг шийдвэрлэх шүүх хурал өчигдөр буюу даваа гарагт болж өндөрлөсөн.

Түүнийг улсын Үндэсний аюулгүй байдалд заналхийлж, гадны улс төрчидтэй хуйвалдсан гэх хэргээр гэм буруутайд тооцсон билээ.

Ингэснээр түүнд бүх насаар нь хорих ял оноох магадлалтай байгаа. Түүний шүүх хурал анх 2023 оны 12 дугаар сард эхэлсэн. Лай 2020 онд баривчлагдахаасаа хэдхэн долоо хоногийн өмнө CNN агентлагт өгсөн ярилцлагадаа  “АНУ-ын эрхэм Ерөнхийлөгчөө та л биднийг аварч чадах цорын ганц хүн. Хэрэв та биднийг аварвал Хятадын түрэмгийллийг ч мөн зогсоож, дэлхийг аварч чадна” хэмээн ярьж байжээ.

Трамп ч мөн түүнийг аврахын тулд бүх зүйлээ дайчлах болно гэж амлаж байсан удаатай. Харин даваа гарагт шүүх хурлын шийдвэр гарсны дараа Ерөнхийлөгч Трамп амлалтдаа хүрэх нэг алхам хийлээ.

Тэрээр БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпинд хандан ардчилалын төлөө тэмцэгч Жимми Лайг суллахыг бодож үзэхийг хүсжээ.

Трампаас гадна Их Британи улс мөн адил 78 настай Лайг даруй суллахыг шаардсаар байна. Тус улсын Гадаад хэргийн сайд Иветт Купер шүүхийн шийдвэрийг буруушааж, улс төрийн сэдэлтэй гүтгэлэг гэж нэрлэжээ. 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe