Оюутолгойн бүлэг ордыг ашиглахад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагааг хянан шалгах нээлттэй сонсгол гурав дахь өдрөө үргэлжилж байна.
Сонсголд Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд Санжаагийн Баяр оролцож байна.
Түүнийг өнгөрсөн сард гэрчээр дуудсан 300 хүний нэг болох тухай зарласны дараа цахим сүлжээгээрээ дамжуулан оролцохгүй гэдгээ дараах байдлаар мэдэгдээд байсан юм.
2025 оны 12 дугаар сарын 02 С.Баяр:
ОТ-н түр хорооны сонсголд очихгүй байхын учир нь:
1. Дээрх 2 асуудлыг (Хайгуулын лицензтэй байсан Онтрё-гийн талбай, Хувь нийлүүлэгчдийн гэрээ, санхүүжилтийн хүүгийн хувь, түүнийг олон улсын зах зээлийн жишигт нийцүүлэн бууруулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, холбогдох үр дагавар гм) миний удирдаж байсан ЗГ хэлэлцэж байгаагүй. Иймээс энэ талаар түр хороонд өгөх мэдээлэл надад алга.
2. "Гайт" 34 хувьд ногдох санхүүжилтийн зээл, түүний хүүгийн талаар Монгол Улсын ЗГ нь РТ компанитай хэлэлцээр хийж буй. Ийм үед энэ сэдвээр нээлттэй сонсгол хийж, монголын талын байр суурийн талаар ил задгай ярих нь сөрөг нөлөө үзүүлнэ. 3. ОТ нь э/з-бизнесийн том төсөл байхын зэрэгцээ хэмжээ, чиглэл, ач холбогдол зэргээрээ гуравдахь хөршийн ХО, манай улсын аюулгүй байдал, хөгжилтэй шууд холбоотой тул үүнийг олон зуун хүн оролцсон нээлттэй сонсголоор бус, огт өөр бүрэлдэхүүн, агуулга, хэлбэрээр хаалттай хэлэлцэх нь манай улсын язгуур эрх ашигт илүү нийцнэ гэж үзэж буй. УИХ-ын зарим улстөрчид ямар арга хэмжээ хийх нь тэдний ухамсар, эрхийн асуудал.
Тэр арга хэмжээнд нь очих эсэх нь иргэн миний ухамсар, эрхийн асуудал. Болгооно уу.
Сонсголын эхний хоёр өдөр Онтрегийн эзэмшлийн "Жавхлант", "Шивээ толгой" хоёр лиценз болон Оюу толгойн гэрээний зээлийн хүүтэй холбоотой мэдээлэл сонсож, гэрчүүдээс асуулт асуусан. Тэгвэл өнөөдөр хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой үргэлжилж байна.
О.Батнайрамдал:
Та Оюу толгойн өгөөж 55-75 хувь байна гэж Ерөнхий сайдын хувиар чуулганы индрээс хэлсэн байна. 16 жилийн дараа эргээд харахад өгөөж 37 хувь хүрэх үү үгүйтэй л байна. Үүнийг юу гэж дүгнэж байгаа юм?
С.Баяр:
57-р тогтоол гарсанд би Ерөнхий сайдын хувьд сэтгэл хангалуун бус байсан. Тогтоол нь өөрөө хуульдаа нийцээгүй гэдэг асуудлыг тавьж байсан. Учир нь хуульдаа 34 хувь хүртэл гэж байхад 57-р тогтоол 34 хувиас доошгүй гэж хуулиас давсан асуудал тавьсан.
Овоо босгоогүй бол шаазгүй юун дээр суух вэ гэдгийн овоо нь энэ 34 хувь. Хуулиндаа “авч болно” гэж байхад “заавал ав” гэж үүрэг болгосон нь Хөрөнгө оруулалтын гэрээг Зээлийн гэрээ болгож хувиргасан. Рио тинтотой өгөөж ярих ёстой байсан ч сүүлийн 10 жил зээл, зээлийн хүү ярилаа. Гол асуудал бол 34 хувь. Сонсголын гол үр дүн бол цаашаа яах вэ гэдэг асуудал. Энэ 34-тэй байгаа нөхцөлд бид өр зээлээ ярьсаар л байх болно.
Сэтгэгдэл үлдээх