Татварын өрийг өршөөх мэдэгдлээс үүдэн төсөв тасарчээ

.Graph
2025-12-09

УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэлийн “Эдийн засгийн өршөөлийн хууль” батлах тухай буюу татварын өрийг өршөөнө гэсэн байр суурь илэрхийлснээс хойш татвар төлөх эрс багассан байна.

Улмаар төрийн албан хаагчдын арваннэгдүгээр сарын цалинг хугацаанаас хоцруулан, 25-нд олгох байсан цалинг 29-ний өдөр олгожээ.

Сангийн яамны мэдэгдэлд дурдсанаар татварын орлогын гүйцэтгэл арваннэгдүгээр сард ердөө 89.6 хувь болж тасалджээ. Энэ нь дээрх мэдэгдлээс үүдэн улсын төсөвт учирсан хүндрэл болж байна.

Манай улсын төсвийн 90 хувийг татварын орлого бүрдүүлдэг тул ийм хэмжээний саатал нь шууд санхүүгийн дарамт үүсгэж, цалин, тэтгэврийн санхүүжилт хүртэл гацаад байгаа гэв.

Зөвхөн улсын төсөв бус, нийслэлийн төсөв ч 300 гаруй тэрбумаар тасалдаад байна. Энэ долоо хоногт Төсвийн байнгын хорооны түвшинд төсвийн тасалдсантай холбоотой уулзалтууд зохион байгуулах аж.

Монгол Улс 2015 онд эдийн засгийн өршөөл үзүүлэх хууль батлуулж байсан бөгөөд энэ нь улс орны санхүүгийн сахилга бат муудахад хүрч, улмаар манай улс FATF-ын саарал жагсаалтад орсон гол шалтгаануудын нэг болж байжээ.

Тиймээс мэргэжилтнүүд:

  • Татварын өршөөл нь татвар шударгаар төлдөг иргэд, аж ахуйн нэгжийг хохироодог
  • Төсвийн орлогыг эрс багасгадаг
  • Улс орны санхүүгийн нэр хүндийг сулруулдаг гэсэн эрсдэлүүдийг анхааруулж байна.

Сангийн яам “улстөрчдийн хариуцлагагүй мэдэгдэл улсын төсөв тасалдахад хүргэж болзошгүй” хэмээн анхааруулж, эдийн засгийн нөхцөл байдал хүндрэлтэй үед бодлогын мэдээллээ оновчтой хүргэх, татварын сахилгыг хангах нь нэн чухал байгааг тэмдэглэв.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe