Гэм зэмийн сүүлчийн бүжигтэй 10 өдөр

Ц.Чимэдцэеэ
2025-11-17

“Орфей” театр дөрвөн жилийн өмнө дэлхийн сонгодог уран зохиолын оргил Ф.Достоевскийн "Гэм зэм" романаас сэдэвлэсэн ижил нэрт жүжгийг постдрам хэлбэрээр толилуулсан билээ. Тус жилдээ 16 дахь удаагийн "Гэгээн Муза" олон улсын театрын наадмын "Оны шилдгийн шилдэг бүтээл" буюу Гран При шагнал хүртэж, Улаанбаатар хот театраар, “Гэм зэм”-ээр амьсгалж байлаа. 

Тэгвэл уг жүжгийг энэ сарын 20-30-нд дахин тоглох гэж байна. 

Түүх өгүүлье. ОХУ-ын Театр, урлагийн академийг төгсөж ирсэн цоо шинэ найруулагч М.Батболд, продюсер Т.Ариунчимэг нарын хамтрал “Орфей” театрыг таван жилийн өмнө байгуулсан. Өнгөрсөн хугацаанд “Фауст”, “Гэм зэм”, “Опал”, “1984”, “Амьдрахуй” жүжгүүдийг олны хүртээл болгожээ. Ийнхүү Монголын театр урлагийн салбарт нэгэн шинэ салхи сэвэлзүүлсэн гэдгийг судлаачид, үзэгчид онцолдог билээ.

2025 он бол “Орфей” үүсгэн байгуулагдсаны таван жилийн ой. 

Харин одоо “Орфей” театр хийсэн бүтээснээ дүгнэх гэж байна.

Энэ талаар найруулагч М.Батболд хэлэхдээ “Бид ийнхүү шинэ циклд хөл тавих гэж байна. 2026 онд цоо шинэ уур амьсгал, сэдэв, агуулга руу орно. Харин үүнээс өмнө “Гэм зэм”-ийг аравхан удаа дахин тоглоно. Үүнээс цааш дахиж хэзээ ч тоглохгүй. Видео бичлэг болгон хадгалах юм. Дөрвөн жилийн хугацаанд “Гэм зэм”-ийн тухайд бодож, санаж явсан бүгдээ амилуулахыг хичээлээ, тодорхой өөрчлөлтүүдийг хийлээ. Энэ бол Гэм зэм”-ийг театрын тайзнаа үзэх сүүлчийн арван өдөр юм" гэв.

Энэ нь “Гэм зэм” анхлан үзэгчдийн хувьд томоохон боломж. Харин давтан үзэхэд, дөрвөн жилийн өмнөх мэдрэмж "сүүлчийн бүжиг"-ийн хэмнэлд хэрхэн буухыг амтлах нандин мөч билээ.

ШҮҮЛТИЙН ӨДӨР

Өөрийгөө шүүх өдөр

ДАХИН ТӨРСӨН ХҮНИЙ ТҮҮХ

ХЭЗЭЭ: 2025.11.20-11.30

ХААНА: Тусгаар тогтнолын ордон

Тасалбарыг ticket.mn

Урлагийг дэмжигч: Numur, Ayanga Store, Mazda Mongolia

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe