Уул уурхайн бус салбар ажлын байрны 75 хувийг бүрдүүлж байна

.Graph
2025-11-17

Монгол Улсын хувьд өнгөрсөн оны байдлаар нийт экспортын 93 хувийг эрдэс бүтээгдэхүүний экспорт, 7 хувийг уул уурхайн бус бүтээгдэхүүний экспорт эзэлж байна. Ийнхүү манай эдийн засаг экспортын бүтээгдэхүүний орлогоос улам ихээр хамаарч, гадаад, дотоод өөрчлөлтөд эмзэг болж байгаа нь уул уурхайн бус салбарын хөгжил, экспортыг нэмэгдүүлэхэд анхаарлаа хандуулах шаардлагатайг сануулсаар. Монголчууд улсаараа нүүрс, зэсийн үнэ ярьдаг. Нүүрсний үнэ өндөр байхад зарлагаа тэлж, үнэ унахад дагаад Монголын эдийн засаг савладаг хэврэг бүтцээр явсаар бид энд иржээ. Тэгвэл уул уурхайгаас бусад салбарын эдийн засагт оролцож байгаа оролцоог онцолж байна.

Уул уурхайн бус салбарын нөхцөл байдал:

  • 94,041 ААН үйл ажиллагаагаа явуулж байна.
  • ДНБ-ий 87 хувийг бүрдүүлдэг.
  • Ажиллах хүчний 75 хувь буюу 1,046,238 хүний ажлын байрыг бий болгодог.
  • Нийт экспортын 7,2 хувь,
  • Банкнаас олгосон хувийн хэвшлийн зээлийн 88 хувь
  • Нийт ГШХО-ын 25 хувь буюу уул уурхайн салбараас 3,1 дахин бага.

Уул уурхайн бус экспортын орлогын 33 хувийг ноос, ноолууран бүтээгдэхүүн бүрдүүлж, үүний дийлэнх хэсгийг хагас боловсруулсан байдлаар экспортолж байгааг дурдаад, хэрэв ноос ноолуурын салбарыг дэмжиж, нэмүү өртгийг нэмэгдүүлж чадвал жилдээ нэг тэрбум гаруй ам.долларын орлого олох боломжтой гэх судалгааны үр дүнг онцлов.  

Нэмүү бүтээгдэхүүн өртөг шингэсэн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор 2024.12.23 өдөр ХХААХҮЯ болон арилжааны 10 банк “Ноос, ноолуур, арьс ширний үйлдвэрлэлийг дэмжих болон хөрөнгө зээл”-ийн санхүүжилтийн гэрээ байгуулж зээл олгожээ. 2025 оны 10 сарын 28-ны байдлаар 876.1 тэрбум төгрөгийн 303 зээлийн хүсэлт ирүүлснээс 171 нь шийдвэрлэгдэж, 168 зээлдэгчид 473 тэрбум төгрөгийн санхүүжилт олгоод байна.

473 тэрбум төгрөгийн зээл олгосноос 349 тэрбумыг ноолуурын салбарт, ноосны боловсруулалтад 82 тэрбум, арьс ширний боловсруулалт экспортыг дэмжих зорилгоор 42 тэрбумыг тус тус олгожээ.

Бэлтгэсэн ноолуурын дийлэнх нь боловсруулалт багатайгаар экспортод гардаг бөгөөд дөнгөж 8.4 хувь нь эцсийн бүтээгдэхүүний боловсруулалтад орж байна.  Ноос, ноолуурын боловсруулалтыг нэмэгдүүлж, эцсийн бүтээгдэхүүн болгож экспортод гаргаснаар одоогийн орлогыг 3-4 дахин нэмэгдүүлэх боломжтой гэсэн судалгааг Монгол банкнаас зохион байгуулсан уул уурхайн бус экспорт ба нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилт хурлын үеэр танилцуулаа.  

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe