Баримт нэн тэргүүнд сүлжээ цахим залилангийн эсрэг аяны хүрээнд гурван гишүүн редакцдаа тус бүр 5 сая төгрөгийн тэтгэлэг гардууллаа.
“Дансаа бүү ашиглуул” аяны хүрээнд Сэтгүүл зүйн Инновац Хөгжлийн Үүр төвийн дэргэдэх Монголын баримт шалгах төв Монголын банкны холбооны дэмжлэгтэйгээр тэтгэлэгт хөтөлбөр зарласан юм.
Ийнхүү есөн редакц сэтгүүл зүйн бүтээлийн санаагаа ирүүлжээ.
Сүлжээний гишүүн орон нутгийн редакцуудын 50 хувь нь тус тэтгэлгийн уралдаанд саналаа ирүүлсэн ба Дорнод дата хэвлэл мэдээллийн байгууллага тэтгэлэгт шалгарсан нь онцлог байлаа. Мөн анализ мэдээллийн itoim болон залуусын дуу хоолой ub.life сайт шилдгээр шалгарчээ.

Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Л.Амар хамтын ажиллагааны талаар,
Он гарсаар Монгол Улсад бүртгэгдсэн нийт гэмт хэргийн гуравны нэгийг залилан эзэлж, түүний 90 гаруй хувь нь цахим орчинд үйлдэгдсэн байна. Манай холбоо Монголын баримт шалгах төвтэй, мөн энэ мэргэжлийн, ёс зүйтэй редакцуудын нэгдэлтэй хамтран ажиллах болсондоо сэтгэл хангалуун байна. Бид жил бүр цахим залилангаас сэргийлэх аян зохион байгуулж ирсэн. Энэ удаад редакцуудын мэргэжлийн нүдээр харж, бэлтгэх нийтлэл нэвтрүүлгүүдээр хүч нэмж байгаа тул үр нөлөө илүү байна гэдэгт найдаж байна хэмээв.
Тус хөтөлбөр нь цахим залилангийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх, мэдлэг ойлголт өгөх чиглэлээр контент бэлтгэж гурван сарын турш олон нийтэд хүргэх зорилготой.
Шалгарсан редакцуудын бүтээлийн санал өөр өөрсдийн гэсэн онцлогтой байсан талаар зохион байгуулагчид онцолж байлаа.
Дорнод дата редакцын хувьд өмнө нь цахим залилангийн эсрэг контентууд бүтээж, аймгийнхаа цагдаагийн газартай хамтран түгээж байжээ. Үүний үр дүнд телеграм платформоор дамжин үйлдэгддэг нэг төрлийн цахим залилан энэ хугацаанд тус аймагт бүртгэгдээгүй байна.
Ub.life сайтын хувьд залуусын хамгийн их өртдөг онлайн дэлгүүрийн залиланг танихад чиглэсэн, залууусын сонирхлыг татах хэлбэр, хийцтэй контент бүтээхэд анхаарснаараа онцлогтой.
Itoim.mn сайтын хувьд цахим залиланд өртсөн хохирогчидтой уулзаж, хор хөнөөлийг таниулаад зогсохгүй тус асуудлыг шийдвэрлэх олон улсын сайн туршлагыг судалж олон нийтэд түгээх, шийдэл санал болгож байснаараа онцлогтой байжээ.
Баримт нэн тэргүүнд сүлжээ нь хуурамч мэдээллийг бууруулж, бодит үнэн, бүрэн дүүрэн мэдээллийг олон нийтэд хүргэх зорилгод нэгдсэн, үндэсний хэмжээний мэргэжлийн редакцууд, энэ чиглэлээр ажилладаг иргэний нийгмийн байгууллага болон хуулийн фирм зэрэг нэгдсэн бүтцээр ажилладаг сүлжээ юм.
Сэтгэгдэл үлдээх