2026 оны улсын төсвийг 32.98 их наядын зарлагатай баталлаа

Ц.Чимэдцэеэ
2025-11-13

УИХ-ын өчигдрийн ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн хуулийг 75.3 хувийн саналаар баталлаа.

Ийнхүү 2026 онд Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого 31.93 их наяд төгрөг буюу ДНБ-ий 31.2%, зарлага 32.98 их наяд төгрөг буюу ДНБ-ий 32.2%, тэнцвэржүүлсэн алдагдал -1.05 их наяд төгрөг буюу ДНБ-ий -1.0 хувь болохоор тооцжээ.

Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуяг дараах гол өөрчлөлтүүдийг онцлов.

  • Багш, эмч, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн ажилтнуудын цалин, ахмад настны болон халамжийн тэтгэврийг инфляцын түвшинтэй уялдуулан нэмэгдүүлэх
  • Үүнийг дагалдуулан төсвийн ерөнхийлөн захирагчдын урсгал зардлыг 6–12.8 хувиар бууруулах, зарим байгууллагын зардлыг 2025 оны түвшинд барих
  • Тэвчиж болох зардлыг хойшлуулах, хөрөнгө оруулалтын зарим төслийг хасах
  • 2026 онд дуусах төслүүдийн санхүүжилтийг бүрэн хадгалах, харин дараа онууд руу шилжих төслүүдийн санхүүжилтийг тодорхой хувиар бууруулах
  • Салбарын тоног төхөөрөмжийн зардлыг 50 хувиар хасах зэрэг шийдвэрүүд багтсан байна.

Төсвийн хуулиуд батлагдсаны дараа УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж үг хэлэхдээ,

  • 2026 оны төсөвт урсгал зардлын өсөлтийг 2 хувиас хэтрүүлэхгүйгээр хязгаарласан нь онцлог болж байгааг,
     
  • Боловсрол, эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, ажиллагсдын цалин, ахмадын тэтгэврийг инфляцтай уялдуулан нэмэгдүүлсэн ч урсгал зардлаа тогтвортой барьсан,
     
  • Улсын төсвийн орлогын 90 хүртэлх хувь нь татвараас бүрдэж буй нь татварын ачааллыг нэмэгдүүлж байгааг анхааруулж, татварын шинэчлэлээ яаравчлах шаардлагатайг гишүүдэд сануулав.

Чуулганы хуралдаанаар мөн Л.Оюун-Эрдэнэ нарын 33 гишүүний санаачилсан “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” тогтоолын төслийг дахин хэлэлцэх асуудлыг авч үзсэн. Гэвч санал хураалтаар 50:50 харьцаагаар тэнцсэн тул тогтоолыг баталсангүй.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe