БНХАУ, Монгол улс, ОХУ-ыг хамарч, улмаар Ази Европыг холбосон худалдааны гол замыг ”цайны зам” гэж нэрлэдэг. Тус гурван улсыг хамарсан аялал, жуулчлалын салбарын есдүгээр уулзалт болж, талууд 2025 оны хамтын ажиллагааны нөхцөл байдлыг дүгнэж, цайны замын маршрутыг аялал жуулчлал, соёл, эдийн засгийн хамтын ажиллагааны шинэ гүүр болгон сэргээх зорилготой хэлэлцээр хийлээ. Мөн “Цайны зам” брэнд авто машинтай аяллыг эхлүүлсэн бөгөөд оролцогчид БНХАУ-аас 2100 км замыг туулан Дархан-Уул аймагт ирсэн. Харин одоо Сэлэнгэ аймгийн чиглэлд аяллаа үргэлжлүүлэн, Алтанбулагийн боомтоор дамжин ОХУ руу нэвтрэх юм.
Цайны замын түүх
XVII-р зууны үед Хиагт-Маймаачингийн боомтоор Хятадын талаас зөөдөг гол ачаа нь цай байсан тул уг боомтоор дайран өнгөрөх замыг “цайны зам” хэмээн нэрлэсэн байдаг. Энэхүү зам нь тухайн үеийн Хүрээ буюу одоогийн Улаанбаатар хотыг бий болоход чухал нөлөө үзүүлсэн.
Цайны зам нь бараг арван мянга гаруй километр үргэлжилдэг бөгөөд Хятадын төв хэсгээс Замын-Үүд, Чойр, Хүрээгээр дамжин явсаар эцсийн цэг нь ОХУ-ын Москва хот юм.
Нэг удаагийнд жингийн цуваанд мянга орчим тэмээ явдаг ба нэг тэмээ 200 кг ачааг тээвэрлэж, хоногт 30-40 километр туулдаг байжээ. Ийнхүү олон өдөр аялж яваа тэмээн жинчид аян замын бараг голд нь буюу Богд уулын ар, хатан Туул голын эрэгт буудалладаг байсан бөгөөд энэ нь Хүрээ буюу одоогийн Улаанбаатар хот юм. Бидний сайн мэдэх 120 мянгатад байрлалтай тэмээн жингийн цувааны хөшөө ийнхүү бүтсэн байдаг.
Хамгийн энгийнээр бол хоёр том гүрний худалдаа наймаа хийх замын голд манай улс байрлаж байгаа юм.
Есдүгээр хуралдаанаар юу болов?
2016 оноос хойш БНХАУ, ОХУ, Монгол улсын аялал, жуулчлалын сайд нар жил бүр хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр уулзалт зохион байгуулж ирсэн. Энэ удаагийн есдүгээр уулзалт энэ сарын долооны өдөр буюу баасан гарагт Дархан-Уул аймгийн Дархан хотноо болж өндөрлөлөө.
Тус уулзалтаар БНХАУ, ОХУ-ын Аялал жуулчлалын сайд нар хүрэлцэн ирсэн юм. Тэд худалдаа, соёл, иргэншлийг долоон зуун жилийн турш холбосон “Цайны зам”-ын түүх болон аялал жуулчлалын үнэ цэнийг түлхүү онцолж, төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдтэй хамтран брэнд авто аяллын хөтөлбөрийг харилцан хөгжүүлэх зорилтыг дэвшүүллээ.
Манай улс уг хуралдааныг анх 2018 онд зохион байгуулж байсан бол ийнхүү хоёр дахь удаагаа эх орондоо хүлээн авч байна. Харин дараа жилийн хуралдааныг БНХАУ зохион байгуулахаа хэллээ. Энэхүү уулзалтыг зохион байгуулж эхэлснээс хойш 10 жилийн өмнөх үетэй харьцуулахад манай улсад зочлон ирсэн жуулчдын тоо 80 хувиар нэмэгдсэн байна. Мөн өнгөрсөн 2024 оноос хойш хөрш орнуудаас манай улсад ирсэн жуулчдын тоо 18% өссөн байна.
Цайны зам Монголд
Цайны замын маршрут нь Дорноговь, Дундговь, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ зэрэг таван аймгийг дайран өнгөрдөг. Тус уулзалтын үеэр Дархан-Уул болон Төв аймаг гишүүн аймагт элсэх хүсэлтээ хүргүүллээ. Ингэснээр эдгээр аймгуудын аялал жуулчлалын урсгал нэмэгдэж, зам дагуу жижиг, дунд бизнесүүд, үйлчилгээний төвүүд зэрэг орон нутгийн эдийн засагт бодит өсөлт ирэх юм.
Иймд дэлхийн хамгийн том газар нутаг, байгалийн баялагтай ОХУ, эдийн засгийнхаа хэмжээгээр дэлхийд хоёрдугаарт, үйлдвэрлэл, худалдааны цар хүрээгээрээ нэгдүгээрт бичигдэж байгаа БНХАУ зэрэг хүчтэй хоёр гүрний дунд байрлах Монгол орон цайны зам дагуух аялал жуулчлалыг хөгжүүлснээр эдийн засгийн өндөр үр ашгийг хүртэх боломж бүрдэж байна.
Сэтгэгдэл үлдээх