Г.Занданшатар: Засгийн газар өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан

.Graph
2025-11-10

Засгийн газар Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг “Шинэ итгэл – Эрс шинэтгэл” уриан дор танилцуулж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Уулзалтад Засгийн газрын гишүүд оролцлоо.

Ерөнхий сайд Г.Занданшатар өнгөрсөн 30 жилийн замналаасаа суралцаж, бодлогын залгамжгүй байдлыг арилгаж, тогтвортой төлөвлөлт, нэгдсэн хэрэгжилтийн систем бүрдүүлэх зорилготой хэмээн мэдэгдсэн. Мөн Засгийн газар өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан хэмээлээ.

Таван жилийн үндсэн чиглэлийн төслийг ШУА, их, дээд сургуулийн эрдэмтэн судлаачдын оролцоотойгоор боловсруулжээ. Энэ нь “Алсын хараа–2050” урт хугацааны хөгжлийн бодлого болон Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдсан баримт бичиг гэв.

Баримт бичиг нь дараах найман бодлогын чиглэл бүхий бүтэцтэй.

  1. Хүний хөгжил

  2. Нийгмийн хөгжил ба үндэсний үнэт зүйл

  3. Эдийн засаг ба дэд бүтэц

  4. Байгаль орчин, ногоон эдийн засаг

  5. Засаглал, дижитал шилжилт

  6. Бүсийн хөгжил

  7. Үндэсний өрсөлдөх чадвар

  8. Шинжлэх ухаан, технологи, хиймэл оюун

Эдгээр чиглэлд үндэсний 10, салбарын 35, төсвийн ерөнхийлөн захирагчийн 85, хөтөлбөрийн 200 үр дүнг тодорхой тусгасан байна. Төслийн хүрээнд дараах зорилтуудыг дэвшүүлжээ.

  • Эдийн засгийн өсөлтийг 6 хувиас дээш түвшинд тогтвортой хадгалах

  • Бүс, орон нутгийн хөгжлийн ялгааг багасгаж, хөгжлийн үзүүлэлтийг 20 хувиар нэмэгдүүлэх

  • Бизнесийн орчныг сайжруулж, шударга өрсөлдөөн, хөрөнгө оруулалтын хамгаалалтыг бэхжүүлэх

  • Хүний хөгжлийн индексийг 0.813-д хүргэх, дундаж давхаргын эзлэх хувийг 20 хувиар нэмэгдүүлэх

  • Авлигыг бууруулж, шүүхэд итгэх итгэлийг нэмэгдүүлэх, “Цахимаар түрүүнд” зарчмыг хэрэгжүүлэх

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe