Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ 5 жил Ерөнхий сайд хийхдээ яагаад Ухаа худагийг шалгаж, хариуцлага тооцоогүй юм

.Graph
2025-11-07

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нарын 33 гишүүнээс өргөн мэдүүлсэн Хянан шалгах түр хороо байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг чуулганаар хэлэлцэн, гурван удаа санал хураасан ч дэмжээгүй. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Д.Ганбат нар мэдээлэл хийлээ. 

УИХ-ын гишүүн Д.Ганбат: 

- Харбины гэрээ буюу Тавантолгой гашуусухайтын төмөр замын хил холболтын гэрээг түр хороогоор шалгах саналыг 40 орчим гишүүний гарын үсгээр дэмжүүлж, УИХ-ын даргад өргөн барьсан. Өнөөдрийг хүртэл түр хороог байгуулаагүй байна. 

Холбогдох хууль тогтоомжуудын хүрээнд нэг чуулганы бүрэн хугацаанд хоёр Хянан шалгах түр хороог байгуулах боломжтой байдаг. Намрын чуулганаар ийнхүү хоёр дахь түр хороо байгуулах хүсэлтийг өргөн бариад байгаа.

Гэвч өнөө өглөө Эдийн Засгийн байнгын хороогоор дэмжигдсэн, Л.Оюун-Эрдэнэ гишүүний санаачилсан Ухаа худагийг хянан шалгах түр хороо байгуулах санал УИХ-ын чуулганаар орж ирж, хэлэлцлээ. Энэ түр хороог энэ удаад байгуулах боломжгүй, дараа байгуулж болно гэх утгаар санал хурааж, хойшлууллаа. 

Гурван удаа санал хураахад ч дэмжсэнгүй. Уг нь бол нэг л удаа саналд хураадаг ч гурван удаа санал хураалгалаа. Тэгэхээр эндээс ямар их улайран дайрч, Харбины түр хороог хойшлуулах хүсэл сонирхол байгаа нь харагдаж байна. 

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа:

- Харбины гэрээ бол хамгийн багадаа 10 тэрбум доллар буюу 35 их наяд төгрөгийн алдагдалтай гэрээ болсон гэж үзэж байгаа. Монгол Улсын нэг жилийн төсөв. 

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын ажлыг таван жил хашихдаа байгуулсан  Off take гэрээнүүдийг өөрөө шалгана гэдэг юу гэсэн үг вэ. Энэ бол УИХ-ын Хянан шалгалтын тухай хуулиар хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд ашиг сонирхлын зөрчилтэй гишүүн орж болдоггүй.

Гэтэл Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд байхдаа өөрөө байгуулсан асар олон тэрбум, их наядын дүнтэй нүүрсний гэрээгээ өөрөө шалгах гээд байгаа нь ашиг сонирхлын зөрчил гэж үзэж байна. Хуулиараа ч хориотой. 

"Чайна энержи" компанийн зүгээс нүүрсний үнийг биржийн арилжааны жигнэсэн дундаж үнээр тогтоох саналыг хүлээн зөвшөөрсөн бөгөөд энэ үнээсээ 5 хувиар хөнгөлөөд өгөөч ээ гэх саналыг тавьсан. Гэтэл яагаад нүүрсний үнэ 50, 57 доллар болчхов гэх асуултыг л бид тавиад байгаа. Өнөөдөр нүүрсний биржийн үнэ 120 доллар байгаа. Мэдээж айлын талд хөнгөлөлт үзүүлэх нь зүй ёсны зүйл. Айлын тавьсан саналын дагуу 5 хувийн хөнгөлөлт үзүүлэхэд л 6 доллар хасаад, 114 доллароор нэг тонн нүүрсээ өгч болох байсан байна. Гэтэл яаж яваад 114 доллароор зарах боломжтой байсан хэлцэл 50, 57 доллар болчхов гэдгийг бид шалгаж тогтоож, боломжтой бол дахин хэлцэл эхлүүлэх ёстой. Энэ гэрээ хэрэгжиж эхлээд удаагүй байгаа тул нэн яаралтай хяналт шалгалт хийж, өөрчлөлт оруулахыг Засгийн газраас шаардана. 

Одоо ингээд ярихаар Ухаа худагийг шалгах гэсэн чинь Ж.Баярмаа, Д.Ганбат хоёр саад боллоо. Ухаа худаг, MCS-тэй холбоо хамааралтай гээд сэвээд унах биз. 

Л.Оюун-Эрдэнэ ээ, бид хоёр тэр Ухаа худагтай чинь, MCS-тэй чинь ямар ч холбоо хамаарал байхгүй шүү. Тэдний эрх ашгийг илэрхийлэх сонирхол өчүүхэн төдий ч байхгүй шүү. Холбоо хамаарал байгаа бол намайг шалга, хэрэгт тат.  Ухаа худаг үнэхээр асуудалтай бол хариуцлага тооц.

Л.Оюун-Эрдэнэ өөрөө таван жил Ерөнхий сайд хийчхээд өдий хүртэл яагаад хянаж шалгаагүй, хариуцлага тооцоогүй юм. 7 хоног болгон уулзаад сууж байхдаа яагаад шийдээгүй юм бэ гэж Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнээс хариуцлага нэхэж байна гэсэн юм.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe