Жил бүр зохион байгуулдаг The Media Show арга хэмжээ 2025 оны 11 сарын 15-нд Үндэсний шинэ номын санд болох гэж байна.
The Media Show санаачилга нь медиа салбарт чин эрмэлзэлтэй, сахилга баттай, мэргэжлийн соёлоор дамжуулан шударга, чадамжтай хэвлэл мэдээллийг төлөвшүүлэх, хэвлэл мэдээллийн эрүүл экосистемийн хөгжилд хувь нэмрээ оруулахыг эрхэм зорилгоо болгодог.
Анх The Media Show подкастаар эхэлсэн энэ санаачилга жил бүрийн намар хэвлэл мэдээлэл, медиа салбарынхан болон медиаг ойлгох, суралцах хүсэл эрмэлзэлтэй хэн бүхэнд зориулсан The Media Show арга хэмжээ болж өргөжин хөгжиж байна.
The Media Show арга хэмжээнд нийт 10 илтгэгч оролцож, 4 хэлбэрээр илтгэл, яриагаа хуваалцдаг уламжлалтай. Тэгвэл энэ жилийн тайзнаа хэн, хэн гарах вэ?
30 минутын лаб

Сэтгүүл зүйн ур чадвар, шинэ чиг хандлага, сэтгүүлчдэд хэрэгцээтэй мэдээлэл, зөвлөмжийг шилдэг мэргэжилтнүүд хүргэх 30 минутын сургалтын цаг. Энэ жил 3 илтгэгч ярилцлагын ур чадвараа нэмэгдүүлэх нь, хиймэл оюуны айдсаа давж, боломжийг эрэлхийлэх нь, медиа төсөл бэлтгэх, хэрэгжүүлэх арга зүй зэрэг агуулгаар сургалтаа бэлдэж буй.
PechaKucha

Биднээс илүү туршлага хуримтлуулсан хүмүүс ямар зам туулав, тэд юуг алдаж, онов гэдгээ нээлттэй хуваалцах нь үргэлж бусдад үлгэр жишээ, сургамж, дэмжлэг болдог билээ. Бид энэ удаад эдийн засаг, бизнесийн чиглэлийн арвин туршлагатай сэтгүүлчдийг урьж карьерын түүх, сургамжаа хуваалцаад зогсохгүй сэтгүүлчээс энтрепренер болсон замналыг нь сонсох болно. Мөн сэтгүүл зүйн салбарт хэрэгжүүлэхээр зэхэж буй нэгэн шинэ хөтөлбөрийн талаар мэдээлэл авч, оролцохдоо бэлтгээрэй.
Урам зоригийн индэр

Шинийг бүтээнэ гэдэгт тийм ч амар байдаггүй. Он удаан жилийн бодол, олон удаа үзээд алдах зориг, бэрхшээл, саадыг давах тэвчээр гээд шинэ, жижиг алхам бүрийн цаана маш их хөдөлмөр байдаг билээ. Түүнийгээ бусдад хуваалцах, “Би чадлаа” гээд хашхирмаар үе ч бий. Ингэж гайхуулах хэсэг бол “Урам зоригийн индэр”. Технологи, менежмент, сэтгүүл зүйн шинэ арга хэлбэрийг нэвтрүүлж буй гурван мэргэжилтэн алдаа, оноо бүхнээ хуваалцах болно. Харин зочид та бүхэн энэ хэсэгт л хамгийн чангаар алгаа ташиж урам хайрлаарай.
The Media Show ярилцлага

Одоогоос яг таван жилийн өмнө, 10 дугаар сард The Media Show подкаст ярилцлага гарч байжээ. Медиа бизнес, экосистемийн тухай хөөрөлддөг подкастынхаа шинэ дугаарын зочинтой арга хэмжээний индрээс ярилцдаг уламжлалтай. Гэхдээ энэ жил хэлэлцүүлэг хэлбэрээр залуу редакцуудын төлөөллийг уриад байгаагаараа онцлог.
Клиник
Энэ жилийн арга хэмжээнд Клиник гэсэн шинэ хэсэг нэмэгдэж байна. Медиа салбарт ажиллахад тулгарч байгаа асуудал, эсвэл арга эвээ олох гээд туршлагатай, мэргэжлийн хүнээс зөвлөгөө шаардлага гарсан үед хэнд хандахаа мэдэхгүй байвал арга хэмжээний үеэр Клиник дээр цаг авч, зөвлөгөө авах боломжтой юм. Энэ жилийн хувьд Технологи харилцаа, холбооны чиглэлээр мэргэшүүлэх хөтөлбөртэй хамтарсан “Tech Journo” клиник болон Медиа бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн зөвлөгөө авах орон зай бий.
Клиникийн цагийн мэдээллийг Facebook хуудас/эвентдээ зарлах тул заавал дагаарай!
Spotlight: Origin.Impact.Vision
Хэвлэл мэдээллийн экосистемийн эрүүл хөгжлийг бий болгоход хувийн хэвшлийн оролцоо, нөлөө маш их. The Media Show талбар энэ үйл хэрэгт бизнесийн байгууллагуудыг үргэлж уриалж ирсэн бөгөөд энэ жил дэмжигч байгууллагуудын хувь нэмрээр хэлэлцүүлгийн орон зайгаа хамтдаа бий болгоод байна.
Хөтөлбөрт 3 байгууллагын үйлчилгээний үүтгэл санаа, үр нөлөө, алс хэтийн зорилгыг танилцуулсан Spotlight богино илтгэлүүд багтсан нь шинэ, соргог мэдээлэл болно гэдэгт эргэлзэхгүй байна.
Нийгмийн сайн сайхан байдал эрүүл хэвлэл мэдээллийн орчинтой салшгүй холбоотой. Энэ орчныг бий болгоход медиа өөрөө төдийгүй олон нийт, хувийн хэвшлийн оролцоо ч онцгой чухал ач холбогдолтой билээ. Тиймээс арга хэмжээг эхлэх болсноос хойш ижил үнэт зүйлийг эрхэмлэгч, нийгмийн сайн сайханд гар бие оролцох бизнесүүдийг уриалж, урин дуудсаар ирсэн. Үүний маань биелэл болж энэ жил “Юнител” групп, “Optimal NMax” компани, MCS Coca Cola, UBCab, UBCab Express, UBEats гэсэн байгууллагууд медиа орчны нээлттэй, чөлөөт хэлэлцүүлгийн талбарыг хамтран бий болгоод байна. Түүнчлэн Unnu.news, IRIM судалгааны хүрээлэн үйл ажиллагааг маань дэмжиж байгааг дуулгахдаа таатай байна.
Сэтгүүлч, сэтгүүл зүй сонирхогчид төдийгүй контент бүтээх, бичиж туурвих сонирхолтой, хэвлэл мэдээллийг ойлгохыг хүссэн хэн бүхнийг The Media Show 2025-д урьж байна.
Энэ холбоосоор орж тасалбараа яг одоо аваарай. (Тасалбарын үнэд өдрийн хоол, кофе бас багтсан шүү.)
Арга хэмжээний талаарх мэдээллийг цаг алдалгүй авахын тулд уг Facebook Event-д Going дарахаа мартуузай!
Сэтгэгдэл үлдээх