Ерөнхий сайдыг огцруулсан тогтоолд Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавилаа

.Graph
2025-10-20

ЕТГ-ын дарга А.Үйлстөгөлдөр “Тэртээ 80 жилийн өмнө Монгол Улс тусгаар тогтнолоо баталгаажуулсан түүхт өдрийн мэндийг дэвшүүлье. 

Монгол Улсын Үндсэн хууль бол тусгаар тогтнол, үндэсний эв нэгдэл, ард түмний хүсэл зоригийн илэрхийлэл эрхэм дээд баримт бичиг байдаг. Тэгвэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ардчилсан Үндсэн хуулиа сахин хамгаалан, бататган бэхжүүлэх үүднээс УИХ-ын тогтоолд бүхэлд нь хориг тавьж байна. 

УИХ-аас Ерөнхий сайдыг огцруулах тухай 95-р тогтоолыг 10 дугаар сарын 17-ны өдөр баталсан. Ерөнхийлөгч Үндсэн хуулийн 33.1.1, Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12.8-ыг тус тус үндэслэж, дараах үндэслэлээр бүхэлд нь хориг тавьж байна:

Нэг: Монгол Улсын Их хурлын шийдвэр, үйл ажиллагаа Үндсэн хуульд бүрэн нийцсэн байвал зохино. УИХ-ын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал УИХ гурав хоногийн дотор хэлэлцэж, 10 хоногийн дотор шийдвэрлэнэ. УИХ-ын нийт гишүүний олонх огцруулахыг дэмжсэн бол Ерөнхий сайдын огцруулах тухай УИХ-ын тогтоол баталсанд тооцно хэмээн Үндсэн хуульд заасан байдаг. Үндсэн хуульд салаа утгагүйгээр тусгажээ. Гэтэл УИХ-ын гишүүдийн тавьсан саналаар биш, ТББХ-ны Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжээгүй гэсэн саналаар санал хурааж шийдвэрлэсэн байна. 

Хоёр: Хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим зөрчигдсөн байна. Монгол Улсын Үндсэн хуульд УИХ-ын чуулганы хуралдааныг гишүүдийн олонх хүрэлцэн ирснээр хүчинтэйд тооцно гэж заасан байдаг. Мөн дэгийн тухай хуульд нэгдсэн хуралдаан долоо хоног бүрийн пүрэв, баасан гарагт 10.00-13.00, 14.00-18.00 хүртэл хуралдана. Товлосон цагт хэлэлцэх асуудал дуусаагүй бол олонхын саналаар сунгаж болно гэж заасан байдаг. Гэтэл баасан гаргийн хуралдааны ирцийг шинээр эхлүүлээгүй, ирц хүрээгүй пүрэв гарагийн хуралдааныг сунган үргэлжлүүлсэн нь хууль зөрчжээ. Өөрөөр хэлбэл, хүчин төгөлдөр ирц бүрдээгүй байхад шийдвэр гаргасан нь дэгийн тухай хуулийг илтэд зөрчсөн байна. Монголын ард түмний үнэт зүйл, хүсэл зоригийн илэрхийлэл болсон Үндсэн хууль дээдлэх зарчим зөрчигдөх нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхэт байдал, үндэсний аюулгүй байдал, ард түмний эв нэгдэл, гадаад дотоод нэр хүнд зэрэгт ноцтой хохирол учруулах аюултай” гэлээ.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe