Польш улсад Засгийн газрын тэтгэлгээр 174 оюутан суралцаж байна

.Graph
2025-10-01

УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Польшийн парламентын бүлгийн дарга Ж.Золжаргалын урилгаар Бүгд Найрамдах Польш Улсын Сеймийн гишүүн, Польш-Монголын бүлгийн дарга Станислав Горчыца тэргүүтэй төлөөлөгчдийн Монгол Улсад албан ёсоор хийж буй айлчлал гурав дахь өдрөө үргэлжилж байна. 

УИХ дахь Монгол-Польшийн парламентын бүлгийн дарга Ж.Золжаргал бүлгийн гишүүдийн хамт Станислав Горчыца тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзах үеэрээ хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 75 жилийн ойн хүрээнд төрийн тэргүүн нар харилцааг Иж бүрэн түншлэлд хүргэж, ирэх таван жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөг нарийвчлан тогтсоны дагуу цаашдын бодит өгөөж, үр дүнг эрэлхийлэн ажиллаж байгаагаа онцоллоо.

Польш Улс, Монгол Улсын боловсон хүчнийг сургахад байнга дэмжлэг үзүүлж ирсэн бөгөөд Улсын Засгийн газар хоорондын шугамаар өдгөө 74 оюутан, Ерөнхийлөгчийн “Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд Радом, Варшав хотуудад 100 оюутан суралцаж байна.

Цаашид тус улсад суралцаж буй монгол оюутны тоог тогтвортой нэмэгдүүлэх, Польшийн их дээд сургуулиудад суралцах боломжийг сурталчлах зорилгоор өдөрлөг зохион байгуулах, их дээд сургуулиудын эрдэм шинжилгээ, багш солилцоог идэвхжүүлэх чиглэлээр санал солилцлоо.

Монгол Улс, Бүгд Найрамдах Польш Улсын Иж бүрэн түншлэлийн үйл ажиллагааны 2025-2030 оны төлөвлөгөө”-нд тусгагдсанаар

  • БНПУ-ын уурхайн төв хүрээлэнтэй хамтарч “Нүүрсний далд уурхайн төлөвлөлт ба ашиглалт”, “Зэсийн далд уурхайн төлөвлөлт ба ашиглалт” чиглэлээр Монголын инженерүүд, уул уурхайн салбарын төрийн албан хаагчдыг сургалтад хамруулах, дадлагажуулах,
  • Онцгой байдал, хил хамгаалах, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагуудын хүний нөөцийг сургах,
  • Хил хамгааллын дрон, дрон эсэргүүцэх тоног төхөөрөмж Польш Улсын  хөнгөлөлттэй зээлээр авах боломж, Монгол Улсад хил хамгаалал иргэний зориулалттай дроны хамтарсан үйлдвэр байгуулах чиглэлд хамтарч ажиллах боломжийн талаар санал солилцлоо.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe