Макрон Трамп руу утас цохисон учир

.Graph
2025-09-24

Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор Нью-Йорк хотноо айлчилсан.

Тэр даваа гарагийн орой чуулганы индрээс Палестиныг улс хэмээн хүлээн зөвшөөрч байгаагаа зарласны дараа авто зам дээр саатжээ.

Учир нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын цуваа явж өнгөрөх тул түүнийг багагүй хугацаанд хүлээхийг шаардсан байна. Энэ үеэр Эммануэль Макрон Дональд Трамп руу утсаар ярьж, нөхцөл байдлыг тайлбарлажээ.

Guardian агентлагийн мэдээлснээр утсаар ярих үедээ Макрон Газа дээр Франц, АНУ, Катар гурван талт товч хэлэлцүүлэг хийх санал гаргасан. Мөн Трампад хандан “Юу гээч, би танаас болоод зам дээр гацчихлаа” хэмээн хэлсэн байна.

Ийнхүү хэсэг хугацааны дараа явган зорчигчдыг чөлөөтэй зорчуулсан ба Ерөнхийлөгч Макрон хамгаалагчдын хамт 30 орчим минут алхаж Францын консулын газарт хүрсэн.

Түүний НҮБ-ын индрээс зарласан байр суурь АНУ-ын бодлоготой зөрчилдөж буйтай холбон дэлхий дахинаа уг үйл явдлыг тун хоржоонтой хүлээн авч байна.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe