Хэвлэл мэдээллийн Ivoice.mn сайт өчигдөр Боловсролын Ерөнхий газраас сурагчдын сурах бичигтэй холбоотой сурвалжилга бэлтгэн, олон нийтэд түгээжээ. Тус сурвалжилгаар “Боловсролын Ерөнхий газар тендерээ оройтож зарласнаас үүдэн сурагчид сурах бичиггүй 9 сарын 1-нийг угтах нь. Сурах бичиггүй сурагчид ямар хичээл заалгаж, хаанаас боловсрол авах вэ” гэх агуулгыг хөндөж, албаны эх сурвалжуудаас нь тодруулга авчээ.
Уг эх сурвалжуудын тайлбарыг хүргэвэл, Боловсролын Ерөнхий газрын дарга Т.Ням-Очир “2025 оны 6 дугаар сард сайдын тушаал шинэчлэгдэн “Зөвхөн сургуулийн өмнөх боловсролд хөтөлбөр шинэчлэгдэнэ. Бага боловсрол хуучин хөтөлбөрөөрөө явна” гэх шийдвэр гарсан. Үүнтэй холбоотойгоор 6 дугаар сард 1-2 дугаар ангийн сурах бичгийн худалдан авах ажиллагааг зарласан. Одоогийн байдлаар 2 дугаар ангийн сурах бичгийг хэвлэх компани гэрээгээ байгуулаад хэвлэлт рүүгээ орсон. 1 дүгээр ангийн худалдан авах ажиллагаанд гомдол гарч, хянуулж байгаа. Уг гомдол хянагдаад, эцэслэн шийдэгдвэл 8 сарын 20 гэхэд сурах бичиг хэвлэгдээд, хүлээлгэж өгөхөд бэлэн болно. Түгээлтийн тендер давхар зарлагдсан. Үнэлгээ хийгдэж дуусвал 8 сарын 25 гэхэд сурах бичгийг хүлээлгэн өгөх боломжтой болно. Ерөнхийдөө сурах бичгүүд хичээлийн шинэ жилээс өмнө амжиж тараагдах боломжтой. Харин 6-12 дугаар ангид түрээсийн сурах бичиг хэрэглэдэг. Эдгээр түрээсийн сурах бичгүүдийн элэгдэл хорогдлыг тооцоод, ашиглах боломжгүй сурах бичгүүдийн оронд шинэ сурах бичиг нийлүүлэгдэж байгаа. Бага ангийн сургалтын хөтөлбөр шинэчлэлт энэ хичээлийн жилд эхлэхгүйгээр хойшлогдсонтой холбоотойгоор тушаал шийдвэрүүд өөрчлөгдөж, ийм нөхцөл байдалд хүрсэн. Гэхдээ 9 дүгээр сардаа багтаагаад сурах бичгээ нийлүүлэх хугацаа байгаа” гэх бөөрөнхий хариуг өгсөн юм.
Ийнхүү албаны эх сурвалж сурах бичгийг хугацаанд нь нийлүүлэх боломжтой гэх хариуг өгч байгаа ч tender.gov.mn сайт дээр 6-12 дугаар ангийн сурах бичгийн хэвлэн нийлүүлэх тендерийн хариу гараагүй, ямар компани хэвлэх нь ч тодорхой бус байна. Одоо тендер тодорхой биш байна гэдэг нь 9 сарын 1 гэхэд бүх сурах бичиг хэвлэгдэж дуусахгүй нь ойлгомжтой. Мөн монголд ийм богино хугацаанд хэвлэх боломжтой компани ч байхгүй юм.
БЕГ-ын Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, үнэлгээний хөгжлийн газрын дарга Б.Лхагвабаяр “2-5 дугаар ангийн сурах бичгүүд хэвлэлтэд орчихсон буюу 3-5 дугаар ангийн сурах бичиг хэвлэгдчихсэн. 2 дугаар ангийн сурах бичгийн хэвлэлт үргэлжилж байна. 1 дүгээр ангийн сурах бичгийн хувьд тендерт орсон нэг компаниас гомдол гаргаж, хуулийн дагуу Сангийн яамнаас хяналт хийж байгаа” гэх хариуг мөн өгчээ.
Гэтэл өчигдөр Боловсролын яамны удирдлагуудын хурлын заалны сандал ширээний зураг цахим сүлжээнд цацагдаж, иргэдээс багагүй шүүмжлэл аваад буй. Өөрсдийнхөө мөнгөөр бус татвар төлөгчдийн мөнгөөр байр саваа засаж, сандал ширээгээ тансаг маягаар шинэчилж байгаа яамны удирдлагуудад нэгдүгээр ангийн сурагчид нь сурах бичигтэй байх эсэх нь хамаагүй бололтой.
Сэтгэгдэл үлдээх