Лос Анжелес, (Синьхуа) - Warner Bros, New Line Cinema-ын хамтран бүтээсэн "Weapons" аймшгийн кино нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо 42.5 сая ам. долларын орлого олж бокс-оффисыг тэргүүлжээ.
Зак Креггерийн найруулсан уг кинонд жижиг хотын нэг ангийн хүүхдүүд учир битүүлгээр шөнө дунд ор сураггүй алга болсон тухай өгүүлдэг. “Энэ бол аймшгийн киноны хувьд гайхалтай нээлт юм” гэж “Franchise Entertainment Research” фирмийн шинжээч Дэвид А.Гросс хэлсэн юм.
Мөн өөр нэгэн шинэ уран бүтээл болох Диснейн "Freakier Friday" инээдмийн кино энэ амралтын өдөр 29 сая долларын орлого олж бокс-оффисын хоёрдугаарт жагсжээ.
Дисней, Марвелийн супер баатрын кино “The Fantastic Four: First Steps” 15.5 сая долларын орлого олсноор гуравдугаар байр руу ухарчээ. Энэхүү кино АНУ, Канадын зах зээлээс нийтдээ 230.4 сая ам.долларын орлого олоод байна.
Сэтгэгдэл үлдээх