Энэ жил нийслэлийн ЕБ-ын сургуулийн сурагчид зургаан хичээлээр олон улсын олимпиадад оролцож, бахдам амжилт гаргасан. Тодруулбал, математик, физик, биологи, хими, мэдээлэл зүй, газарзүйн олимпиадад Монгол Улсыг төлөөлөн 20 сурагч оролцож, бүгд амжилт гаргаж, тусгай байраас алтан медаль хүртэл амжилт үзүүлээд байна. Тиймээс олон улсын олимпиадад амжилт гаргасан 20 сурагч, нэг багшийг өнөөдөр хотын дарга Х.Нямбаатар шагнаж, урамшуулжээ.
Олон улсын олимпиадад шавь нараа амжилттай бэлтгэн оролцуулж, алтан медальд хүргэсэн 11 дүгээр сургуулийн багш Ж.Ёндонсамбууд түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцны 150 сая төгрөгийн эрхийн батламжийг гардуулав.
Олон улсын олимпиадаас алтан медаль хүртсэн сурагчид 3 сая төгрөг, мөнгөн медаль хүртсэн сурагчдад 2 сая төгрөг, хүрэл медаль хүртсэн сурагчдад 1 сая төгрөг, тусгай байр эзэлсэн сурагчийг 500 мянган төгрөгөөр тус тус урамшуулсан юм.
Түүнчлэн 2026 оноос эхлэн олон улсын олимпиадад оролцохоор шалгарсан сурагчдын тухайн улс руу нисэх хоёр талын онгоцны тасалбарыг нийслэлээс шийдвэрлэхээр болжээ.
Олимпиадад оролцох хоёр талын онгоцны тасалбарыг нийслэлээс шийдсэнээр суралцагчид, тэдний эцэг, эх гэр бүлийн санхүүд дэмжлэг үзүүлж, олон улсын чанартай олимпиадад тогтмол амжилт гаргахад түлхэц болох юм. Түүнчлэн НЕБ-ын сургуулиуд олон улсын олимпиадад сурагчдаа тогтмол амжилттай бэлтгэдэг байхад дэмжлэг болох зорилгоор “Ирээдүй” цогцолбор сургуулийг хоёр тусдаа болгон өргөжүүлж байгаа бөгөөд нэг сургуулийг нь математикийн гүнзгийрүүлсэн сургалттай болгож шинэчлэхийг Хотын дарга Х.Нямбаатар холбогдох албаныханд даалгалаа.
Монгол хүүхдүүд олон улсын зургаан хичээлийн олимпиадаас дараах амжилтуудыг гаргажээ.
Сэтгэгдэл үлдээх