Өнөөдөр Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн СЭМҮТ-тэй холбоотой ноцтой зөрчлүүдийн талаар олон нийтэд мэдэгдсэн. Тийнхүү тус төвийн захирал Г.Анхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, оронд нь Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн дарга Г.Ууганцэцэгийг томилсон аж.
Тэгвэл ажлаасаа чөлөөлөгдсөн Г.Анхболд mongoliapress.mn сайтад мэдээлэл өгчээ. Тэрбээр мэдээлэлдээ “СЭМҮТ-тэй холбоотой зөрчлүүдийг би ажлаа хүлээж авсны дараа илрүүлж, хуулийн байгууллагаар шалгуулж эхэлсэн. Одоо санхүү мөнгөтэй холбоотой ямар нэг зөрчил, хууль бус зүйл байхгүй” хэмээн онцолсон байна.
Тодруулбал, Хүний их эмч Г.Анхболд СЭМҮТ-ийн захирлын албан тушаалд 2024 оны 9-р сард томилогдсон бөгөөд Ж.Чинбүрэн сайдын өнөөдөр танилцуулсан төлбөрт үйлчилгээний мөнгөний зөрчил 2022-2024 оны 9 сар хүртэл болсон гэмт хэргийн шинжтэй асуудал аж. Ийнхүү Г.Анхболд албан тушаалаа авсны дараа уг зөрчлийг илрүүлж, АТГ-т гомдол гаргасан гэх.
Тэгвэл Ж.Чинбүрэн сайд Г.Анхболдын илрүүлсэн зөрчлийг өөрөө илрүүлсэн мэт болгоод, анх шүгэл үлээсэн албан тушаалтныг нь ажлаас нь чөлөөлчхөв үү гэх эргэлзээ үүсгэж байгаа юм.
Ташрамд Г.Анхболдын оронд томилсон Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн дарга Г.Ууганцэцэгийг СЭМҮТ-ийн хамт олон эсэргүүцэж, хүлээн авахгүй хэмээж байгаа аж.
Сэтгэгдэл үлдээх