Ж.Чинбүрэн СЭМҮТ-ийн талаарх хууль бус зөрчлүүдийг дэлгэн, захирлыг нь сольж байгаагаа мэдэгдлээ

Ж.Номин
2025-08-05

СЭМҮТ-ийн төлбөртэй тусламж, үйлчилгээний талаар иргэнээс АТГ-т гомдол ирүүлснийг шалгуулахаар ЭМЯ-нд шилжүүлсний дагуу ЭМЯ-ны хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газраас санхүүгийн хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдал тогтоогдсон тулд ЦЕГ-тай хамтарсан шалгалтыг 2025 оны 2-р сарын 25-наас 3-р сарын 24-нийг хүртэл хийсэн байна. Хяналт шалгалтаар дараах зөрчлүүд илэрсэн аж. Энэ талаар Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн мэдээлэл өглөө. 

  • Тодруулбал, Төлбөртэй тусламж үйлчилгээ авсан иргэнд төлбөр төлсөн баримт өгдөггүй. Үйлчлүүлэгч эрүүл мэндийн байгууллагын данснаас өөр дансанд төлбөр төлөхийг хориглосон журмыг удаа дараа зөрчсөн.
  • 2022-2024 онд цахим бүртгэлд бүртгэлд бүртгэгдсэн төлбөртэй тусламж үйлчилгээний орлого болох 527.8 сая төгрөгийн ор хоногийн төлбөрийг иргэдийг цагтаа ирээгүй, эмнэлэгт хэвтээгүй гэж цуцалжээ.

Өөрөөр хэлбэл, иргэд эмнэлэгт хэвтэж, орны төлбөр төлсөн байхад “хэвтээгүй” хэмээн бүртгэлийг цуцалсан. Цагтаа ирээгүй гэх мэт шалтгаанаар хэвтээгүй хэмээн бүртгэж, иргэдийн төлсөн төлбөрийг 24 цагийн дотор эмнэлгийн данснаас гаргаж авдаг зөрчил илэрсэн. Ийм замаар 478.9 сая төгрөгийн цуцлалт хийж, СЭМҮТ-ийн дарга нар ажилтнуудтайгаа хуйвалдан бэлнээр болон хувийн данс руу шилжүүлж авдаг нь тогтоогдож, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа талаар танилцуулав. 

Түүнчлэн Удирдлагын зөвлөлийн гишүүдэд хүндийн нэмэгдэл, ур чадварын нэмэгдэл зэрэг 24.9 сая төгрөгийн хууль бус нэмэгдлийг 2025 оны эхний хагас жилийн байдлаар олгосон байна. Гэтэл яг гол ажлыг нугалж буй эмч сувилагч нарт ийм нэмэгдэл олгоогүй. Харин удирдлагын зөвлөлдөө олгосон аж. 

Эмнэлгийн тусламж үйлчилгээний талаарх зөрчил: 

  • СЭМҮТ-ийн хэмжээнд зөвхөн нэг эмч лабораторид сэтгэл заслын үзлэг, оношилгоо хийж байгаагаас шалтгаалж уг төрлийн үйлчилгээний хүлээгдэл ажлын 29 хоног,  
  • Стрессийн  шалтгаант сэтгэцийн эмгэг судлалын клиникийн хүлээгдэл 2025 оныг дуустал дүүрсэн байгаа ба үүнд ямар нэг зохицуулах арга хэмжээ аваагүй ажилласаар байна. 
  • 2025 оны эхний хагас жилийн байдлаар эмнэлгийн нас баралтын 20 хувьд оношны зөрүү гарсан.     
  • Төвийн хэмжээнд удаан хугацаагаар хэвтэн эмчлүүлэх үйлчлүүлэгчдийн аюулгүй байдал, хүний эрхийг ноцтойгоор зөрчих байдал их байгаа бөгөөд ХЭҮК-оос мэдүүлэг өгсөн байгаа аж. Тухайлбал, хоол хүнсний хангамж, калорийн хэрэгцээг хангаж чаддаггүй. Үүнтэй холбоотойгоор Сэтгэцийн эмгэг судлалын 2-р клиникийн хэвтэн эмчлүүлэгчдийн 80 хувьд нь сүүлийн нэг сарын хугацаанд жингийн алдагдал дунджаар 3 кг байна. 
  • Төрөлжсөн мэргэжлийн эмнэлгийн стандартаар насанд хүрэгчдийг хэвтүүлэн эмчлүүлэх тасгийн бие засах газарт 10 эмэгтэй, 15 эрэгтэйд 1 суултуур байхаар заагдсан. Тэгвэл СЭМҮТ-ын тасгууд 53 ортой боловч 1 суултуур бүхий бие засах газрыг дундаа хэрэглэж байна. Тус 53 оронд зарим үед 70-80 хүн хэвтүүлэх, 1 орон дээр 2 хүн хэвтэх, зарим тохиолдолд газар хэвтүүлэх тохиолдол гарч байна.     
  • Мөн тус байгууллагад бэлгийн дарамт байгаа талаар ажиглагчид мэдээлэл өгсөн бөгөөд энэ талаар ямар нэг тодорхой хариу арга хэмжээ авч, таслан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагаа явуулаагүй байна.

Ийнхүү удирдлага, санхүүгийн үйл ажиллагаа, албан тушаалын хууль бус томилгооны талаарх зөрчлийг танилцуулж, өнөөдөр СЭМҮТ-ийн захирал Г.Анхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлж байгааг Ж.Чинбүрэн сайд мэдээлэв.

Сэтгэгдэл үлдээх

Эмч нар нь өвчтөнөө хүчинддэг зөрчлийг нь шалгахгүй юм уу?

Нэргүй

Дэмжих үү?

0 0
Newsletter Subscribe