Шинэ цэвэрлэх байгууламжийг аравдугаар сард ашиглалтад оруулна

Ц.Чимэдцэеэ
2025-08-04

Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төслийг эхлүүлсэн бөгөөд өнгөрсөн наадмын өдрүүдэд анхны усаа авч туршлаа.

Улмаар ирэх аравдугаар сард бүрэн ашиглалтад оруулах буюу хуучин цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагааг зогсоох юм.

Цаашлаад бүтэн жилийн турш үйл ажиллагааг нь жигдэртэл туршсаны дараа Улсын комисст хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байна.

Шинэ Төв цэвэрлэх байгууламж нь хоногт 250 мянган шоо метр ахуйн болон урьдчилан цэвэрлэсэн үйлдвэрийн хаягдал усыг Монгол Улсын MNS:4943-2015 стандартын түвшинд дагуу цэвэршүүлэх хүчин чадалтай. Мөн бохир ус цэвэрлэх, лаг боловсруулах үндсэн хоёр технологийн дагуу ажиллах тул цэвэрлэх байгууламжийн үнэр эрс багасна.

Ажиллах боловсон хүчнийг 2023 оноос тасралтгүй бэлтгэж, БНХАУ-ын хотуудад сургалтад хамруулаад байгаа аж. Зөвхөн 2024 онд гадаад болон дотоодод 87 цагийн сургалтыг зохион байгуулсан.

Одоо ажиллаж буй Төв цэвэрлэх байгууламжийг анх 1964 онд ашиглалтад оруулж байсан түүхтэй.

Өнөөдрийн байдлаар Төв цэвэрлэх байгууламж нь хоногт 160-170 мянган шоо метр усыг хүлээн авах хүчин чадалтай. Гэсэн хэдий ч энгийн үед 210 мянган шоо метр, зуны улиралд бороо их орохоор 240 мянган шоо метр хүртэлх усыг хүлээн авч байгаа зэргээс шалтгаалан Төв цэвэрлэх байгууламжийг томсгох хэрэгцээ шаардлага бий болсон.

Шинэ цэвэрлэх байгууламжийг 2020 оноос барьж эхэлсэн юм.

Эх сурвалж: НИТХ-ХМОНХА

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe