Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо хөх нүүрс түлэхийг үүрэгджээ

.Graph
2025-07-31

Урд хөршөөс 226 тэрбум төгрөгөөр хөх нүүрс авч, түлүүлнэ гэх мэдээ чих дэлсэв.

Баримт сэлтийг хөөгөөд үзэхэд 2025 оны тавдугаар сарын 16-ндё болон тус хорооны Эрдэмтдийн зөвлөлийн шийдвэрээр тус тус үүрэгджээ.

Тухайлбал, Тавантолгой түлш компанийн иргэдэд нийлүүлж байгаа сайжруулсан гэх түлш нь ОУ-ын стандартад нийцэхгүй. Нүүрстөрөгчийн дутуу исэл зөвшөөрөгдөх хэмжээнээс 1,4 дахин их байгааг үндэслэн нүүрсний өөр эх үүсвэрийг судлахыг Эрдэмтдийн зөвлөлийн 06 дугаар зөвлөмжид дурдсан байна. 

  

Мөн Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны 04 дүгээр тогтоолд

“…Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах болон 2025-2026 оны галлагааны улиралд түлшээр тасралтгүй хангах зорилгоор импортын бэлэн түлшийг /хөх нүүрс/ хэрэглэгчдэд зориулан жижиглэн савлах агаарын чанарын бүсийн гэр хорооллын айл өрхүүдэд нийлүүлэх ажлыг зохион байгуулахад шаардагдах зардлыг засгийн газарт таниулахыг…” Х.Нямбаатар нарт үүрэг болгожээ.

  

Ийнхүү  утааны сонсголын эхний үр дүн нь одоо түлж байгаа түлшээ солих, стандартаа шинэчлэх, хагас кокс түлэх нөхцөлийг бүрдүүлж, аюулаас сэргийлэх талаар дээрх шийдвэрүүдэд тодотгосон байна. 

Улмаар тус тогтоолыг хэрэгжүүлэх үүргийн хүрээнд тендер зарлан холбогдох ажлыг зохион байгуулж буй аж.

Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороог Байгаль орчны сайд асан С.Одонтуяа тэргүүлж байсан юм.

Цаг хугацааны хувьд дээрх тогтоол, шийдвэрүүдэд дурдсанаар дотооддоо хагас кокс гаргах боломжгүй тул энэ жил хагас коксын хамгийн том зах зээл болсон БНХАУ-аас оруулж ирж, утаа буурах эсэхийг харах үлдэж.

Харин ирэх жилүүдээс дотоодын нүүрсээ ашиглаж хагас кокс гарган авч хэрэглээнд нэвтрүүлэх ажлыг Тавантолгой түлш компани судлаад ажил болгож таарах нь. 

Харин зуухаа солих ёстой эсэх, хэрхэн хэрэглэх зэргийг галлагааны улирлаас эхлэн иргэдэд мэдээлэл хүргэх, таниулах ажлыг яаравчлах шаардлага үүсэж байна. Энэ сэдвээр бид Тавантолгой түлшээс тодруулан дараагийн удаа мэдээлэх болно. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe