Автобусны зогсоолын мэдээллийн самбарыг автоматжуулж эхэллээ

Ц.Чимэдцэеэ
2025-07-29

Нийтийн тээврийн үйлчилгээний автобусны зогсоолын мэдээллийн самбарыг автоматжуулан шинэчилж эхэллээ. Төв номын сангийн автобусны буудалд туршилтын загвар байршсан байна.

НТБГ-ын Тээврийн бодлого судалгааны хэлтсийн ахлах мэргэжилтэн О.Хонгорзул “Энэхүү шинэчилж эхлээд байгаа мэдээллийн самбарын зураглалыг илүү ойлгомжтой, хүртээмжтэй байдлаар газрын зурагтайгаар хийсэн. Хүүхэд, өндөр настан гээд хэн ч харсан ойлгоно. Өмнө нь самбарын бүх мэдээллийг гараар шивж, зурж бүтээдэг байсан. Одоо автомат болж байгаа нь нарийн деталиудыг тодорхой оруулах боломж бүрдсэн” гэлээ.

Тус самбарыг автоматжуулах ажлыг гүйцэтгэж байгаа “Дата Дэүс" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Болор “Автобусны буудал болгонд тохирсон автобусны бүх чиглэлийн мэдээллийг газрын зурган дээрээс автоматаар харуулна. Деталиудыг хүний гараар зурах шаардлагагүй болсон. Туршилтын загварууд хийгдэж эхний хувилбараар танилцуулагдаж байна” гэв.

Нийтийн тээврийн үйлчилгээнд өдөр тутам 133 чиглэлд дунджаар 1000 гаруй автобусаар 500 мянга гаруй иргэн үйлчлүүлдэг байна. Улаанбаатар хотод нийт 1280 автобусны зогсоолтой. Тэгвэл нийтийн тээврийн салбарын парк шинэчлэлтийн хүрээнд нийтийн тээврээр үйлчлүүлж байгаа иргэдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, аюулгүй, тав тухтай үйлчилгээг хүргэхийн тулд техник технологийн шинэчлэлийг нэвтрүүлж, өдөр тутмын үйлчилгээг сайжруулж байна.

Эх сурвалж: НЗДТГ-ЫН Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe