Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх яруу найрагч Цоодолын Хулангийн уучлал хүссэн өргөдлийг нь хүлээн авч, Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн тухай хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхийнхээ хүрээнд уучлал үзүүлсэн байна.
Ингэснээр Ц.Хулан суллагдаж байна.
Эргэн сануулахад Ц.Хуланг 2023 оны 1 сарын 18-19-нд шилжих шөнө ТЕГ-аас хойшлуулшгүй ажиллагаагаар саатуулж, цагдан хорьсон. Тухайн үед түүнийг гадаадын тагнуултай холбоотой гэж үзэн шалгаж эхэлсэн байдаг. Ийнхүү 2023 оны 9 сард Анхан шатны шүүхээс Ц.Хуланг Үндэсний аюулгүй байдлын эсрэг ажилласан буюу Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр буруутган, 9 жил 6 сарын хорих ял оноож, 159,753,220 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн.
Харин Ц.Хулан давж заалдсан бөгөөд давж заалдах шатны шүүхээс түүний хорих ялыг хорих ялыг 8 жил 1 сар болгон бууруулах шийдвэр гаргасан байдаг.
Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт:
“Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан; гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг.
Сэтгэгдэл үлдээх