НИТХ-ын дарга А.Баярын урилгаар өнөөдөр буюу долоодугаар сарын 10-нд БНСУ-ын Сөүл хотын ИТХ-ын дарга Хо Жун Чой тэргүүтэй зочид төлөөлөгчид Улаанбаатар хотод хүрэлцэн ирлээ. Хоёр хотын ИТХ-ын даргын албан ёсны уулзалт Нийслэл төр захиргааны Хангарьд ордонд болсон юм.
Талууд нийслэл Улаанбаатар хотод “Эмэгтэй хотын дарга нарын олон улсын хурал” зохион байгуулах, оюутны тэтгэлэгт хөтөлбөр, өвлийн аялал жуулчлалыг идэвхжүүлэхэд хамтран ажиллах талаар санал солилцсон байна. Мөн цаашид ухаалаг хот, цахим засаглал, эрчим хүчний хэмнэлттэй технологи, бизнес ба хөрөнгө оруулалт, соёлын солилцоо, оюутан, залуучуудын харилцаа зэрэг чиглэлээр хамтын ажиллагаагаа тэлэх боломжтой гэж үзжээ.
БНСУ-ын Сөүл хотын ИТХ-ын дарга Хо Жун Чой Монголд урьсанд талархал илэрхийлээд, энэхүү уулзалтаар дамжуулан та бүхэнтэй санал бодлоо солилцож, хоёр хотын хамтын ажиллагааг улам бататгах боломж бий гэдэгт итгэлтэй байгааг онцлов.
Сэтгэгдэл үлдээх